Умард Солонгос цөмийн туршилт хийж, пуужин харвасны хариуд АНУ цэргийн хүч хэрэглэх төлөвлөгөө одоогоор гаргаагүй байна гэж “Associated Press” агентлаг мэдээллээ. Уг мэдээллийг нэрээ нууцалсан цэргийн албан тушаалтан тус агентлагт өгчээ.
Түүний хэлснээр Умард Солонгосын пуужин БНСУ, Япон юм уу, АНУ-ын нутаг дэвсгэр рүү чиглэсэн тохиолдолд энэ шийдвэр өөрчлөгдөх магадлалтай гэнэ. Умард Солонгосыг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахаас аргагүйд хүргэх арга хэмжээ төлөвлөж буй хүмүүс ийм хувилбарыг сонгох сонирхолтой байгаа аж.
Цөмийн зэвсгийн туршилт хийгээд байвал Пхеньяны эсрэг тавих хоригоо улам чангатгах нь чухал гэж Вашингтон үзэж буй юм байна. Хориг тавих эрхтэй Орос, Хятад улсаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөр энэ санаачилгыг дэмжүүлж дөнгөнө гэж АНУ тооцоолж байгаа бололтой.
Умард Солонгосын асуудлыг шийдвэрлэхдээ Пхеньянд шахалт үзүүлэх ажиллагаанд Хятадыг ямар нэг байдлаар татан оролцуулахад АНУ-ын дипломат бодлого чиглэж байгаа аж. Эрх мэдэл бүхий хүний үгээр бол зэвсэглэлд хяналт тавих юм уу, цөмийн зэвсгийн хүчин чадлаа хорогдуулах тухай биш Умард Солонгосыг огт цөмийн зэвсэггүй болгохыг л АНУ-ын засаг захиргаа зорьж буй юм.
Эс тэгвэл Умард Солонгосыг цөмийн зэвсэгтэй гүрэн болохыг АНУ хүлээн зөвшөөрсөн хэрэг болно. Вашингтоны задлан шинжлэх төв Умард Солонгосыг цөмийн 30 хүртэлх бөмбөгтэй гэж таамаглаж буй бол Шинжлэх ухаан, аюулгүй байдлын хүрээлэн өнгөрсөн оны эцэст 13 цэнэгтэй хошуу байсан гэж үзэж байна.
Үүний зэрэгцээ Умард Солонгос уран баяжуулах нэг юм уу хоёр объекттойг тодорхойлж чадаагүй байгаа аж. Цэнэгт хошууг дундын зайн тусгалтай, БНСУ, Японд хүрэх чадалтай баллистик пуужинд суурилуулсан байж болох бөгөөд АНУ-ын эх газар дахь байг устгаж чадах тив хоорондын пуужинд зориулсан найдвартай цэнэгт хошуутай болж Умард Солонгос чадсан гэдэгт шинжээчид эргэлзэж буй юм байна.