Европыг зорьсон африкчуудыг замаас нь олзлон Ливийн боолын захуудад худалдаж байна гэж Олон улсын цагаач, дүрвэгчийн асуудал эрхэлсэн байгууллага мэдэгдлээ. НАТО-гийн дэмжлэгтэйгээр 2011 онд Ливийн удирдагч Муаммар Каддафийг устгаснаас хойш тус улсын байдал тогтворгүй хэвээр байна.
Африкийн Сахарын цөлөөс урагш орших улсуудын хэдэн зуун залуу боолын захын гол “бараа” болж буй.
Боолын наймаачид худалдахаар хорьж байгаа хүмүүсийнхээ ар гэр рүү утасдаж, барьцааны мөнгө нэхнэ. Ингэж ярьж байхдаа заримыг нь зодож, орилж хашгирч байгааг сонсгодог байна. Есөн сар хоригдсоны эцэст гэрийнхэн нь барьцааны мөнгө өгснөөр суллагдсан нэгэн залуу тураалд орж, эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. Мөн ливичүүд эмэгтэйчүүдийг худалдан авч, бэлгийн боол болгодог ажээ.