Европын холбооноос Их Британи гарах үйл явцыг албан ёсоор эхлүүлэх захирамжид тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй гарын үсэг зуржээ. Тус холбооноос гарах зорилгоор Лиссабоны гэрээний 50 дахь заалтын дагуу үйл ажиллагаа явуулж буйг албан ёсоор мэдээлсэн уг баримт бичгийг Европын зөвлөлийн дарга Дональд Тускт хүргэсэн байна.
Ийнхүү гарах үйл явц тус улсад төдийгүй Европын холбоог өөрчилж мэднэ гэж “Reuters” мэдээллээ. Тэгвэл брексит Европын холбоог өөрчлөх таван шалтгааныг Оросын “Вести” цахим хуудас мэдээлэв.
ТӨСВӨӨ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ВЭ
Европын холбооны төсөвт тус эвслийн гишүүн орнуудын зардлын ердөө хоёр хувь туссан байдаг. Гэхдээ зүүн хэсэгтээ Брюссель илүү хувь оноодог аж. Тэндээс Польшийн төсвийн найм орчим, Болгарын төсвийн бараг тавны нэг хувийг бүрдүүлдэг байна.
Британигүйгээр Брюссель гишүүн орнууддаа урьдынхаас зургааны нэг дахин бага хөрөнгө хуваарилах юм. Энэ нь 2021 оноос зардлын долоон жилийн хугацааны төлөвлөгөөг боловсруулахад зүүн, баруун хэсэг хоорондын тэмцлийг өдөөх аж.
Ойрын ирээдүйд Европын холбооноос гарсныхаа төлөө Британиас шилжүүлэх мөнгөний төлөөх тулаан болох нь. Тус холбооны, тухайлбал судалгааны төсвийг Лондон санхүүжүүлж магадгүй. Гэхдээ фермерүүдэд нөхөн төлбөр олгох зэрэг томоохон зардлуудаа Британи эргэн авч үзэх бололтой.
ХҮЧНИЙ ТЭНЦВЭРТ БАЙДАЛ
Брюсселийн зардлыг тогтоон барьж, чөлөөт худалдаандаа ахиц дэвшил гаргахын тулд Их Британи Европын холбоонд санал өгөх 12 хувиа ашиглаж байв. Тус улс гарч буй нь скандинавчууд болон нидерландчууд зэрэг умардын томоохон холбоотнуудыг түгшээж байна. Хямд ажиллах хүчинд нь тавих хоригоо Герман, Франц хоёр чангатгана гэж зүүн хэсгийн ядуу гишүүд нь санаа зовох болжээ. Тус холбоог цаашид өргөжүүлэхийг эсэргүүцдэг, Өрнөдийн чинээлэг орнуудын эсрэг холбоотнуудаа гишүүн болох эрмэлзэлтэй, ялангуяа Балканы хойгийн орнууд алдахаар байна.
Үүний зэрэгцээ еврогийн бүсийн 19 орон удирдах үйл явцад оролцоход саадгүй болов. Одоо тэд тус бүсэд багтдаггүй орнуудаас арай илүү эрхтэйгээр санал өгөх боломжтой болох юм. Брекситийн дараа Польш, Швед тэргүүтэй, еврогийн бүсийн гадна орших орнууд уг 19 орон валютын эвсэл байгуулахаас урьдчилан сэргийлэх алхам хийх шаардлагатай болж байна.
Европын холбооны цөмийн зэвсэгтэй бөгөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хориг тавих эрхтэй цорын ганц гишүүн нь Франц болно. Тус улс Британийг гарахаар АНУ тэргүүтэй НАТО-гийн эвслийн хүрээний гадна батлан хамгаалах салбарт Европын холбоотой ойр хамтран ажиллах гэсэн амбийц нь хаалтгүй болох юм. Батлан хамгаалахын асуудлууд аль хэдийнэ Брюсселийн хэлэлцэх асуудлын жагсаалтад оржээ.
Брекситийн дараа Европтоо хамгийн том эдийн засагтайд тооцогддог Герман улсад тус холбооны бараг таван иргэний нэг нь аж төрөх болно. Британийг гарсны дараа Герман улс хүчний тэнцвэрт байдлаа хадгалан үлдэхэд амаргүй байх юм. Учир нь Франц улс эдийн засгийн хүндрэлтэй байгаа билээ.
ХҮЧ СУЛАРНА
Европын холбоо АНУ-тай холбодог гол зуучлагчаа алдаж байна. Хятад, Орос зэрэг хүчнүүдтэй харилцах, эсвэл Ойрхи Дорнодын байдалд нөлөөлөхөд гол үүрэг гүйцэтгэдэг Британи тус холбоонд чухал байр суурь эзэлдэг байв. Дүрвэгсдээс учрах аюулын эх сурвалж болсон Африкт Британийн тусламж чухал үүрэг гүйцэтгэдэг байсан.
УЛС ТӨРИЙН СОЁЛ
Европын холбооны байгууллагуудад том төлөөлөлгүй байсан хэдий ч Британийн түшмэд 44 жил гишүүн байх хугацаандаа удирдах албан тушаалуудад томоохон байр суурь эзэлсэн байлаа. Энэ байдал ч өөрчлөгдөнө. Олон Засгийн газар, ялангуяа жижиг улсуудынх Францтай харьцуулбал бусдын дотоод хэрэгт бага оролцдог Британийн хандлагыг их үнэлдэг байв.
Их Британийн үлдээсэн нэг том өв болох англи хэл Брюсселийн албан ёсны хэл хэвээр үлдэх нь.
ЭСЭН МЭНД ҮЛДЭХИЙН ТӨЛӨӨХ НААДААН
Брекситийн санал хураалт болсны дараа Европын холбооны удирдагчид үлдсэн 27 гишүүнээ дахин нэгдсэн тухай ярьж байна. Тус холбоо оршин тогтнохыг дэмжигчдийн тоо өссөнийг санал асуулгын дүн нотолж байна. Гэхдээ брекситийн тухай яриа хэлэлцээ янз бүрийн үзэл баримтлалтай орнууд эв нэгдэлтэй байгаа, эсэхийг шалгах биз.
Лиссабоны гэрээний 50 дугаар заалтыг анх удаа хэрэглэсэн нь “хувиршгүй холбоо”-ны тухай мэдэгдэл утгаа алдахыг илтгэж байна. Өнө удаан жил бүх чиглэлээр шийдвэр гаргахад нөлөөлөх тус эвслээс гарна гэсэн олон сүрдүүлэгтэй Брюссель тэмцэх нь.