Манай гаригт байгалийн янз бүрийн гамшиг нүүрлэдэг. Бараг л өдөр бүр галт уул оргилсон, үер буусан, салхи шуурга болсон тухай мэдээлж байна. Тэгэхлээр хаана хамгийн их гамшиг заналхийлдэг вэ? Хамгийн аймшигтай газруудын жагсаалтыг ВВС гаргажээ.
Бидний дийлэнх нь байгалийн гамшигт үзэгдэлтэй гэнэт тулгарсан байдаг. Бороонд нэвт норж, наранд түлэгдэж үзээгүй хүн байхгүй биз. Байгаль эх хөнөөгч нь болсон газрууд ч дэлхийд бий.
УС
Ус бидэнд маргаангүй аюултай. Энэ нь ийм орчинд хүн дасан зохицоогүйтэй холбоотой аж. Олон улсын далайн байгууллагын мэдээлснээр, бид далай гаталж чаддаг болсон ч 2012 онд 1051 хүн усанд амиа алдсан байдаг гэнэ. Гэхдээ үүний тун бага хэсэг нь гамшгаас шууд хамааралтай байжээ.
Газар зүйн онцгой байрлал усны аль нэг сав газрын онцлогт нөлөөлж, илүү аюултай нөхцөл үүсгэдэг. Жишээ нь, Норвегийн Сальстраумены булан дэлхийн хамгийн ширүүн урсгал устай газар гэдгээрээ алдартай. Дашрамд хэлэхэд, хамгийн хүчтэй эргүүлгүүдийн өлгий болсон эл нутаг сайн судлагдсан бөгөөд жуулчид туршлагатай залуурчин бүхий завиар үүнийг гаталдаг.
Далайд бус, хуурай газарт байгаа хүмүүс усны аюулаас болгоомжлох нь зүйтэй байж магадгүй. Далай, тэнгисийн эрэгт амьдардаг хүмүүс үер маш аюултайг мэддэг. Энэтхэгийн далайн намхавтар бүлэг арлаас бүрдсэн Мальдив улс далайн усны түвшин нэмэгдэж байгаатай холбоотойгоор устаж буй арлын тоонд оржээ.
Дэлхийн уур амьсгал өөрчлөгдөн, нүүрлэх аюулын хэмжээ жил ирэх тусам ихэссээр байна. Ялангуяа цунами, эсвэл хүчтэй салхи дагуулсан гэнэтийн үер онцгой аюултай.
Цунами нь их хэмжээний ус богино хугацаанд шилжин хөдлөхийг хэлдэг бөгөөд энэ үеийн давалгаа нь уршиг ихтэй. АНУ-ын Ус, цаг уурын албаны мэдээнээс үзвэл цунаминуудын 71 хувь нь Номхон далайд үүссэн байдаг. Түүгээр зогсохгүй, ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын далай судлалын комиссын Цунамийн асуудал хариуцсан хэлтсийн тэргүүн Торкильд Орупын нотолсноор, газар хөдөлснөөс үүссэн цунами тектоник буюу газрын царцсын хагалбарын аль идэвхтэй бүсэд нь болдог гэнэ.
Байгалийн энэ аюултай үзэгдлээс хүмүүсийг хамгаалахын тулд цунамигаас сэрэмжлүүлэх, уршгийг багасгах дэлхийн сүлжээ байгуулжээ. Аюул айсуйг 20 минутын өмнө л анхааруулах боломжтой газрууд ч бий. Тиймээс гамшигт амиа алдсан хүний тоо урьдын адил өндөр хэвээр байна.
Индонезийн Суматра арлын эрэг орчимд 2004 онд газар хөдөлсөн нь орчин үеийн түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн цунами үүсгэсэн билээ. Тэгэхэд 15 орны 280 мянган хүний амь үрэгдсэн юм. Ийм хохирлын хэмжээг төсөөлөхөд хэцүү боловч гол мөрний ус эргээсээ халихдаа илүү олон хүний аминд хүрдэг. Хятадын Хөх мөрөн 1931 онд үерлэхдээ нэг сая хүний амийг авч одсон боловч албан ёсны баримт бичгүүдэд энэ тоог бууруулан тэмдэглэсэн байдаг. Өмнөх өвөл нь их хэмжээний цас орж, дулаахан байсны дараа их хэмжээний бороо орсон нь хүн төрөлхтний сайн мэдэх байгалийн хамгийн аймшигтай гамшиг тохиолдох нэг шалтгаан болсон юм. Өдгөө усанд автаж буй Хятадын бүсэд хэдэн тэрбум хүн аж төрж байна. Байгалийн зохиолдлогоо өөрчлөгдөхийн хэрээр үер бүр ч ноцтой аюул учруулахаар байна.
АГААР
Африкт хүний аминд хүрдэг гэх нуурууд байдгийг судлаачид илрүүлсэн ч тэдгээрийн ус аюулгүй аж. Камеруны Ньос, Руанда болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын хил дээр орших Киву нуур тааварлахын аргагүй аюултай. Тэдгээр нь газар дороос нүүрсхүчлийн хий нэвчдэг, галт уулын идэвхжилийн бүсэд оршдог. Гамшгийн үеэр энэ үзэгдэл дэгдэж, нууран дээр үүл үүсгэдэг. Нүүрсхүчлийн давхар исэл агаараас хүнд учир үүл доош сууж хүчилтөрөгчийг шахан, эргэн тойрныхоо амьд бүхнийг устгадаг.
Камерунд 1980-аад онд ийм хоёр гамшиг тохиолдсоны дараа 1700 гаруй хүн амиа алдаж, 3500 мал үхсэний дараа шинжээчид эдгээр нуураас учирч болзошгүй аюулаас сэрэмжлүүлэх арга боловсруулжээ. Метан буюу намгийн хий газар дороос нь ялгардаг Киву нуурын үзэгдлийг ашиглах аргыг хүмүүс бодож олсон гэнэ. Энэ хийг цахилгаан үйлдвэрлэхэд ашиглах төсөл боловсруулсан нь хэдэн сая хүнийг эрчим хүчээр хангах боломж бүрдүүлж байна.
Гэхдээ зөвхөн хий нь хүний аминд хүрэхгүй. Хүчтэй салхитай үед агаар нь үхлийн аюултай болдог. Жилийн дундаж үзүүлэлтийг аваад үзвэл дэлхийн хамгийн салхитай газар нь Өмнөд мөсөн далай дахь Денисон хошуу юм. Тиймээс ч тэнд хүн амьтан амьдардаггүй.
Улирлын шороон шуурга нь дэлхийн хүн ам шигүү оршин суудаг газруудыг ч сүйтгэх нь бий. Хамгийн хүчтэй шуурга далайн бүлээн усан дээр, экваторын бүсээс урагш болон хойш хэсэгт үүсдэг. Эндхийн салхи агаарын даралт буурахын хэрээр хүч авсаар, хар салхи үүсгэдэг аж. Карибын тэнгисийн сав газрын арлууд дундаас Гаитид хар салхи хамгийн их хохирол учруулдаг гэнэ.
Хар салхинуудын солбицол дээр орших энэ ядуу улсад гамшигтай тэмцэх эдийн засгийн нөөц бололцоо байдаггүй.
Германы Штутгартын их сургуульд байгалийн гамшгийн эрсдэл судалдаг Йорн Биркманны хэлснээр учрах эрсдэлийг урьдчилан тааварлах аргагүй байдгаараа хар салхи аюултай юм. НҮБ-аас гаргадаг, “Дэлхийн эрсдэлүүд” хэмээх жил тутмын илтгэлийг бэлтгэх ажлын хэсэгт тэрбээр багтжээ. Энэ баримт бичигт байгалийн гамшгийн өмнө хүчин мөхөстөх орнуудыг жагсаадаг.
Учир нь тийм орнуудыг хамгаалахад олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг татах зорилготой аж. Өнгөрсөн онд энэ жагсаалтыг Вануату улс тэргүүлжээ. Жил бүр уг арал улсын оршин суугчдын гуравны нэг гаруй хувь нь байгалийн гамшигт нэрвэгддэг гэнэ. 2015 онд хэдхэн долоо хоногийн дотор тус улсад газар хөдөлж, галт уул оргилон, дараа нь аймшигтай “Пэм” хар салхи дайрсан байна.
Албан ёсны мэдээгээр, эдгээр гамшигт 11 хүн амиа алджээ. Харьцангуй бага энэ тоо байгалийн гамшгаас хүмүүсийг хамгаалах олон улсын арга байдгийн нотолгоо юм. Шинэ дэд бүтцийг ашигласны ачаар илүү дүнтэй тусламж үзүүлж байна. Харьцуулбал, хүчтэй салхи шуурганы улмаас хамгийн олон хүн амиа алдсан тохиолдол 1970 оны арваннэгдүгээр сард бүртгэгджээ. Тэр үед Бангладешийг “Бхола” хар салхи дайрсны улмаас 500 мянган хүн амь үрэгдсэн юм.
ШОРОО
Дэлхийн хамгийн аюултай газрууд бүгд тектоникийн өндөр идэвхжилтэй байдаг нийтлэг онцлогтой. Манай бөмбөрцгийн гадар хөдөлгөөнтэй хавтангуудаас бүрддэг. Тэдгээр хавтан хоорондоо мөргөлддөг газруудад их энерги хуримтлагдаж, улмаар хагарал үүссэнээр газар хүчтэй хөдлөхөд хүргэдэг байна. Баримттай, хамгийн олон хүний амь эрсэдсэн газар хөдлөлт 1556 онд Хятадын Шаньси мужид болжээ. Тэгэхэд 800 мянга гаруй хүн амиа алдсан гэдэг.
Газар хөдлөлтөөс цунами үүсдэг бөгөөд эдгээр нь хамгийн олон хүний аминд хүрдэг байгалийн гамшигт тооцогддог.
Газар хөдлөлтөөс хамгийн сайн хамгаалагдсан АНУ-ын Лос-Анжелес, Японы Токио хотын барилгууд архитектурын сүүлийн үеийн амжилтуудыг тусгасан байдгаараа газар хөдлөхөд тэсвэртэй, оршин суугчдаа сайн хамгаалдаг аж.
2015 оны Байгалийн гамшгийн эрсдэлүүлийн нэвтэрхий толь буюу атласаас үзвэл манай гаригийн хотуудаас хамгийн эрсдэлтэй 10 хотын найм нь Филиппинд байдаг. Энэ арал улс Номхон далайн галын цагирагт багтдаг төдийгүй хар салхинуудын бүсийн захад байрладаг юм.
ГАЛ
Тектоникийн идэвхжил галт уулыг сэрээдэг. Дээр дурдсан хавтангуудын хагархайг дэлхийн цөмөөс хөөрдөг халуун лав дүүргэдэг байна. Этиопын Данакиль гэдэг булан манай гаригийн хамгийн аюултай газар гэдэг. Энд гурван хавтан нийлдэг бөгөөд галт уул хамгийн их идэвхижсэн байдаг аж. Эндхийн жилийн дундаж температур нь 34.4 хэм, өөрөөр хэлбэл, дэлхийн хамгийн халуун газарт тооцогддог байна.
Галт уулын ажиллагааг загварчлан харуулдаг дэлхийн сүлжээний судалгаагаар, сүүлийн 400 жилд галт уул оргилсны улмаас 200 мянга гаруй хүн амиа алджээ. Галт уул хамгийн их эрсдэл учруулдаг газрын жагсаалтыг Индонез тэргүүлсэн байна. 1815 онд тус улсын Сумбава арлын Тамбора галт уул оргилж, 70 мянган хүний аминд хүрчээ. Энэ онд дэлхийн бөмбөрцгийн хойд хэсгийн хувьд зун болоогүй жилээр бүртгэгдсэн байна. Уг галт уул оргилсон нь уур амьсгал түр өөрчлөгдөхөд хүргэж, тэр чинээгээр өлсгөлөн, өвчлөлийн тоо өндөр гарчээ.
Тун саяхан буюу 2010 онд Мерапи галт уул оргилж, лав урсаж, амьсгал боогдуулсан үнсэн үүл үүссэн нь 350 гаруй хүний аминд хүрсэн байна. Хүмүүсийг цаг алдалгүй нүүлгэн шилжүүлсэн нь хэдэн арван мянган амь аврах боломж олгожээ.
Ирээдүйд халуун цаг агаар галт уулын лаваас дутахгүй аюул учруулж болзошгүй. Европт 2003 онд хэт халсан нь 70 мянган хүн амьсгал хураахад хүргэсэн билээ.
Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал хариуцсан мэргэжилтнүүд хүн төрөлхтний төлөө хүчин чармайлт гаргасаар байна. Гэвч хүний өмнө тулгамдсан асуудлуудын гол эх сурвалж нь бидний ололт амжилт, хүн амын хяналтгүй өсөлт, эдийн засгийн хөгжил аж.