Йеменд зэвсэгт мөргөлдөөн болсон хоёр жилийн хугацаанд 1400 хүүхэд амиа алдсан тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал хариуцсан орлогч Стивен О’Брайен мэдэгджээ. Тэрбээр тус улсын Засгийн газар болон босогчдын хооронд мөргөлдөөн эхэлснээс хойш хоёр жил өнгөрснийг тохиолдуулан мэдэгдэл хийсэн аж.
“Хэлэлцээ хийх замаар мөргөлдөөнийг зохицуулах гэж олон улс хүчин чармайлт гаргаж буй хэдий ч буун дуу тус улсын өдөр тутмын амьдралд байдаг л нэг зүйл болжээ. Өнгөрсөн хугацаанд энгийн номхон 4.8 мянга орчим хүн амь үрэгдсэний дотор 1400 хүүхэд байв. Тэдний олонх нь өглөө сургуульдаа яваад эргэж ирээгүй. 8200 гаруй хүн шархадлаа” гэж Стивен О’Брайен хэлсэн байна.
Сүүлийн мэдээгээр, Йемений 19 орчим сая иргэнд буюу тус улсын хүн амын гуравны хоёр хувьд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа аж. Тэдний долоон сая нь өлбөрч үхэхийн ирмэгт тулжээ.