БНХАУ-ын төв Засгийн газраас дэмждэг, хатагтай Кэрри Лам Хонконгийн засаг захиргааны тэргүүнээр таван жил ажиллахаар боллоо. Сонгуулийн төв комиссын мэдээлснээс үзвэл тэрбээр 777 төлөөлөн сонгогчийн санал авчээ. Сонгуулийн эхний шатанд ялахад 600 гаруй санал авах шаардлагатай байсан юм.
59 настай Кэрри Лам 2012-2017 оны нэгдүгээр сарын дунд үе хүртэл Хонконгийн Ерөнхий сайдаар ажиллаж байжээ. Тэрбээр иргэдээ нэгтгэхийг гол зорилтоо болгосон аж. Үүнтэй холбогдуулан байнга харилцаатай байж, зөвлөлдөх механизмыг боловсруулахын тулд улс төрийн янз бүрийн хүчнүүдийн төлөөлөгчтэй уулзах хүсэлтэй буйгаа тэрбээр илэрхийлсэн байна.
Хонконгийн их сургуулийн Нийгмийн ухааны сургуулийг төгссөн Кэрри Лам 1980 оноос төрийн алба хашиж эхэлсэн бөгөөд Засгийн газрын бүтэц болон байгууллагуудад ажилласан туршлагатай. 2007-2012 онд Хөгжлийн асуудал хариуцсан сайдаар ажиллаж байгаад Ерөнхий сайд болсон аж. Тэрбээр англи хэлтэй, нөхөр, хоёр хүүхэдтэй, католик шашинтан.
Хонконгийн засаг захиргааны шинэ тэргүүн ирэх долдугаар сарын 1-нээс үүрэгт ажилдаа орно. Энэ өдөр Британийн харьяаллаас Хятадад шилжсэний 20 жилийн ойг хонконгчууд тэмдэглэнэ. Уг арга хэмжээнд БНХАУ-ын дарга Си Зиньпин оролцох бололтой. Ардчиллын талыг баримтлагчид тэр өдөр эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулахаа мэдэгджээ.
БНХАУ-ын бүрэлдэхүүнд “Нэг улс, хоёр систем” томьёоллоор засаг захиргааны онцгой статустай болсон Хонконг шилжилтийн 50 жилийн хугацаанд буюу 2047 он хүртэл өөртөө засах өргөн эрхтэй байх юм.