АНУ-ын Төрийн департамент нэмж хянах шаардлагатай виз мэдүүлж буй хүмүүсийн хүрээг тодорхой болгохыг дэлхийн даяар ажиллаж буй бүх Элчин сайдын яам болон Консулын газартаа даалгалаа. Уг захирамжид “Исламын улс” бүлэглэл хяналтаа тогтоосон бүс нутагт очсон, эсвэл террористуудтай холбоотой байж болзошгүй хүмүүс виз мэдүүлсэн тохиолдолд тэдний нийгмийн сүлжээн дэх хаягийг шалгах үүрэг өгсөн байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоны гаргасан тушаалд нэмж хянах шаардлагатай өргөдөл гаргагчдыг тодорхойлох шалгууруудыг боловсруулах, аюулгүй байдал болон тагнуулын асуудал хариуцсан ажлын хэсэг байгуулахыг даалгажээ. Өргөдөл гаргагч нь виз олгох шалгуурыг хангасан ч дахин шалгуулах, эсвэл татгалзсан хариу авах магадлалтай болж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр гадаадын иргэдийг АНУ-д нэвтрүүлэхэд тавих шалгуурыг чангатгахаа амлаж байсан билээ. Дээрх шийдвэр нь хүний эрхийг хамгаалах байгууллагууд болон исламын шашинт зургаан орны иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон Д.Трампын зарлигийг эсэргүүцэгчдийн шүүмжлэлд өртжээ.
Тухайлбал, “Amnesty International” байгууллага Р.Тиллерсонд илгээсэн захидалдаа дээрх шийдвэрийг яс үндэс, шашин шүтлэгээр нь хүмүүсийг ялгаварлан гадуурхсан шинжтэй болохыг тэмдэглэсэн байна.