“Үүлийг танин мэдсэнээр цаг агаарыг урьдчилан мэдээлэх, ирээдүйн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг загварчлах, усны нөөцийг тооцоолох боломж бүрддэг. Үүлийг тодорхойлоход баримталдаг цорын ганц иж бүрэн лавлагаа нь Олон улсын үүлний атлас. Дэлхийн цаг уурын өдрийг тохиолдуулан энэ сард үүлний атласыг бүрэн шинэчилж, боловсронгуй болгон, тоон системд шилжүүлж, цахим хэлбэрт оруулаад байна” гэж ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Питтери Таалас олон улсад хандсан “Үүлийг танин мэдэх нь” илгээлтдээ дурджээ.
Өчигдөр тохиосон Дэлхийн цаг уурын өдрийн хүрээнд ийм илгээлт гаргасан юм байна. Уг өдрийг тэмдэглэх санаачилга 1950 оноос эхтэй.
Дэлхийн цаг уурын өдрийг манай улс 1964 онд ДЦУБ-ын гишүүнээр элссэнээс хойш тэмдэглэж эхэлсэн аж. Энэ хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний газрынхан өчигдөр онол, практикийн бага хурал зохион байгуулав. “Усны нөөц ба хаягдал ус”, “Mонгол орны гадаргын усны чанар”, “Үүл ба хиймэл дагуулын мэдээ”, “Монгол орны байгалийн бүсийн ирээдүйн төлөв байдал” зэрэг сэдвээр тус байгууллагын судлаач, мэргэжилтнүүд хурлын үеэр илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Тэдний дэвшүүлсэн асуудлууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бид юу хийх ёстой вэ гэдэгт чиглэжээ. Бид зөвхөн уур амьсгалын өөрчлөлт байгаль, цаг уурт сөргөөр нөлөөлж байна гэж яриад суулгүй, харин ч түүнийг ашиглаж, дулаан их шаарддаг ургамал тарих боломжтойг мөн онцоллоо.