Их Британийн Лондон хотын төвд орших парламентын ордны ойролцоо террорист халдлага үйлдсэний улмаас таван хүн, тэдний дотор алан хядагч амь үрэгдэж, 40 гаруй хүн гэмтэж бэртжээ. Гэмт этгээд исламын хэт давруу үзэлтнүүдтэй холбоотой гэж тус улсын Цагдаагийн газар үзэж байна.
Лхагва гаригийн 14.40 цагт автомашинтай явсан гэмт этгээд Вестминстер дүүргийн гүүрээр гарч байсан гурван зорчигчийг санаатай дайрч, цааш парламентын ордон руу эргэн, төмөр хаалт мөргөөд зогсчээ. Тэнд гэмт этгээд автомашинаасаа бууж, ордон руу гүйхэд нь цагдаагийнхан саатуулсан аж. Тэрбээр энэ үеэр ямар ч зэвсэггүй байсан нэг цагдааг хутгалан хөнөөжээ. Үүний дараа зэвсэгтэй цагдаа халдлага үйлдсэн этгээдийг буудсан байна.
Цагдаагийнхан гэмт этгээдийн хэн болохыг тогтоосон ч тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Гэрчүүдийн мэдүүлснээр хар хувцастай, сахалтай, ази төрхтэй, хутгаар зэвсэглэсэн, 40 орчим насны эрэгтэй халдлага үйлдсэн байна.
Энэ үеэр Лондоны цагдаагийн тусгай албаныхан парламентын ордныг бүсэлж, тэнд эмч болон аврагчид очжээ. Ерөнхий сайд Тереза Мэй, парламентын гишүүдийг ордноос гаргасан гэнэ.
Францын Ницца, Германы Берлин хотод болсон террорист ажиллагаатай төстэй Лондоны халдлагыг зохион байгуулсан гэж ямар нэг бүлэглэл мэдэгдээгүй байна. Европт өнгөрсөн онд болсон халдлагуудын хариуцлагыг “Исламын улс” хүлээсэн билээ.
Ойрхи Дорнодын хэд хэдэн улсаас ирэх нисэх онгоцонд ухаалаг төхөөрөмж авч орохыг Их Британи улс хориглосныг хэт давруу үзэлтнүүд интернэтээр идэвхтэй хэлэлцэж байжээ. Тэд нисэх онгоц дэлбэлэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлэл авсныхаа дараа Их Британийн эрх баригчид тийм хориг тогтоосон аж.
Лондонд халдлага гарсан хэдий ч тус улсад террорист аюулын түвшнийг дөрөв дэхээс нь дээш өсгөхгүй байхаар шийдсэнийг Ерөнхий сайд Тереза Мэй Засгийн газрын хуралдааны дараа мэдэгдлээ. Уг түвшин нь дээрээсээ хоёрт ордог юм.
Их Британи дахь зарим улсын, тухайлбал, БНХАУ, Саудын Арабын ЭСЯ иргэддээ олон хүн цугларсан газраас хол явахыг зөвлөсөн байна.
Лондон хотын оршин суугчид дээрх халдлагаас айж түгшээгүй, хэвийн амьдралын горимдоо орсон тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.