Хятадын эрдэмтэд нүүрснээс этанол гарган авдаг болсон тухай тус улсын ШУА мэдээллээ. Уг технологийг Ляонин мужийн Далянь хотын Хими, физикийн хүрээлэнгийн эрдэмтэд “Shaanxi үanchang petroleum” компанитай хамтран боловсруулжээ.
Ийм технологиор ажиллах үйлдвэрийг өнгөрсөн нэгдүгээр сард ашиглалтад оруулсан бөгөөд хоёр сар тогтвортой ажиллаж, найдвартай технологи болох нь батлагдсан гэнэ.
Тус үйлдвэр жилд 100 мянган тонн спирт үйлдвэрлэх хүчин чадалтай. Эцсийн бүтээгдэхүүнд эзлэх этилийн спиртийн агууламж 99.71 хувь ажээ.
“Энэ технологи үр ашигтай, ирээдүйд тулгарах газрын тосны хомсдолыг нөхөж чадна. Тэрчлэн спиртийн үйлдвэрүүдийн түүхий эдээс хараат байдлыг багасгаж, эрчим хүч, хүнсний аюулгүй байдлын баталгааг хангана” гэж БНХАУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч Бай Чуныли ярилаа. Хятад улсад жилд 2.5 сая орчим тонн биоэтанол буюу шатахуун болгон ашиглах этилийн спирт үйлдвэрлэж байна. Этанолыг хими, хүнс зэрэг үйлдвэрлэлийн салбар, түүнчлэн эмнэлэгт ашигладаг.