Канад улсаас орогнох эрх хүссэн хүний тоо оны эхний хоёр сард эрс өсчээ гэж “Reuters” агентлаг мэдээллээ. Тодруулбал, 5520 хүн ийм хүсэлт гаргасан байна. Эл хандлага хэвээр хадгалагдвал энэ онд 33 мянган хүн тус улсад хандаж, өмнөх оныхоос 40 хувиар өссөн үзүүлэлт болох юм.
Цагдаагийн газрын мэдээлснээр, хүсэлт гаргасан хүмүүсийн 20 хувь нь тус улсад хууль бусаар нэвтэрсэн байна. “Ipsos” компанитай хамтран “Reuters” агентлагийн явуулсан судалгаанд оролцсон канадчуудын 48 хувь нь хууль бусаар хил давж ирсэн цагаачдыг албадан гаргахыг шаарджээ.
Канадад орогнох эрх хүссэн хүмүүсийн тоо өссөн нь Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэнтэй холбоотой байж болох юм гэж “Reuters” агентлаг таамагласан байна.