Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Лиссабоны гэрээний дагуу улс орноо Европын холбооноос гаргах үйл явцаа энэ сарын 29-нд эхлэхээ мэдэгдэв. Үүнээс өмнө тэрбээр уг үйл явцыг эхлүүлэх зөвшөөрлийг Засгийн газартаа өгсөн хуулийн төслийг парламентынхаа дээд танхимаар батлуулсан юм. Ингэснээр өнгөрсөн оны зургадугаар сард Британид болсон бүх нийтийн санал хураалтад оролцогчид дэмжсэний дагуу Европын холбооноос Нэгдсэн Вант Улс гарах гэж буйг тус холбоонд мэдэгдэх боломжийг Т.Мэйд олгосон билээ.
Европын холбооны тухай 2007 онд байгуулсан гэрээ нь Лиссабоных гэдгээрээ илүү алдартай юм. Уг баримт бичиг тус холбооны Үндсэн хууль болсон. Түүнд Европын холбоонд элссэн улс гарах боломжтой гэж заасан байдаг аж.