Дэлхийн усны өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова илгээлт ирүүлжээ. Тус илгээлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.
"Хүн төрөлхтний ихэнх үйлдэл хаягдал усыг бий болгож дэлхийн хаягдал усны 80 гаруй хувийг аливаа нэгэн боловсруулалт хийхгүйгээр шууд байгаль орчинд шингээж байна. Үүнийг цаашид энэ хэвээр нь үргэлжлүүлж болохгүй. Энэ бол 2017 оны Нэгдсэн Үндэсний Байгууллагын "Дэлхийн Усны Хөгжлийн Тайлан"-гийн гол илгээлт юм. Байгаль дэлхийд шингээж буй хаягдал усны хэмжээг багасгаснаар зөвхөн амьд амьтныг хамгаалаад зогсохгүй эрүүл экосистемийг бэхжүүлэх, цаашлаад тогтвортой өсөлтөд эерэгээр нөлөөлнө.
Цэвэр усаар хангах болон ариун цэврийн байгууламжийн үйлчилгээ нь хүний эрх, нэр төр болон дэлхийн хүн амын эсэн мэнд амьдрах үндэс суурь нь бөгөөд ялангуяа нийгмийн эмзэг бүлгийнхэнд чухал ач холбогдолтой. Энэ нь 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтэд амин чухал юм. Ус нь тогтвортой хөгжлийн зорилтууд болон тэдгээрийн зорилгуудын гол холбоос юм.
Эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж байгаа өнөө үед хаягдал ус нь усны нөөцийн найдвартай нэгэн эх үүсвэр болох юм. Энэ нь хаягдал усны менежментийг “шүүх, хаях” хэлбэрээс “багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах, нөөцийг нөхөн сэргээх” хэлбэр лүү шилжүүлэх шаардлагыг бий болгож байна. Хаягдал ус хэрэггүй хог гэж үздэгээ больж үүнийг бидний өмнө тулгарч буй шийдвэрлэх шаардлагатай сорилтуудын нэг хэмээн үзэх нь зүйтэй юм. Хаягдал усыг дахин боловсруулснаар зардал багатай, үр ашигтай, тогтвортой, аюулгүй, найдвартай усны өөр нэг эх үүсвэр болох ба үүнийг ялангуяа усны хомсдолтой өнөө үед усжуулалт, үйлдвэрийн хэрэглээ болон ундны ус гэх мэт олон зорилгоор ашиглах боломжийг бий болгоно. Иймээс бид хаягдал усыг дахин ашиглахын ач холбогдлын талаарх мэдлэгээ сайжруулж, оюун санааны өөрчлөлтийг бий болгох хэрэгтэй.
Бид хаягдал усны менежментийг эдийн засгийн эргэлт, байгалийн нөөцийн хамгаалалт, тогтвортой хэрэглээ бүхий тэнцвэртэй хөгжлийн салшгүй нэгэн хэсэг хэмээн үзэх ёстой. Энэ нь хоол хүнс, энергийн аюулгүй байдал болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах зэрэг олон сайн талтай юм.
ЮНЕСКО нь НҮБ-ын усны шинжлэх ухаан болон боловсролын агентлагийн хувьд Олон улсын ус зүйн хөтөлбөр, түүний үндэсний хороод, төвүүд болон тэнхимүүдээрээ дамжуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Дэлхийн усны үнэлгээний хөтөлбөр нь Засгийн газрууд болон бусад олон улсын нийгэмлэгүүдийг дэлхийн цэнгэг усны нөөцтэй холбоотой бодлого боловсруулахад шаардлагатай хамгийн сүүлийн үеийн мэдээлэл болон усны хяналт шинжилгээний шинэ аргачлалаар хангадаг. Энэ бүгд нь 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд амин чухал юм.
Эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн сацуу усны хэт олборлолт, бохирдол, уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч энэхүү хязгаарлагдмал нөөцийн ачаалал ихсэж байгаа өнөө үед бид хаягдал усны менежментийг сайжруулснаар энэ бэрхшээлийг даван туулах боломжтой болно. Иймд ЮНЕСКО дэлхий нийтээрээ хаягдал усыг үр ашигтай зарцуулахыг уриалж байна" гэлээ.