Спорт өрөлтийн “Улсын чансаа” тэмцээнд 36 клубийн 4-59 насны 299 тамирчин оролцож, авхаалж самбаагаа сорьсон юм. Тэднээс 130 нь Монголын спорт өрөлтийн холбооноос батлагдсан “Одоо ахиулах”, “Анхны од”-ны болзол хангаж бугуйвчны эзэн боллоо. Одны болзол хангасан оролцогчдоос 60 нь цагаан, 44 нь шар, 19 нь улаан, зургаа нь нил ягаан, нэг нь хар бугуйвчаар “гангарна”.
Тус тэмцээний насны ангилал харгалзахгүй ганцаарчилсан цикл өрөлтөд “Onepiece” клубийн тамирчин Б.Тэмүүлэн шилдгээр шалгарсан байна. Үүнээс гадна шооны спортын “Улсын чансаа”-нд 16 клубийн 5-27 насны 97 тамирчин оролцсон. Тэднээс 10 нь Монголын шооны холбооноос батлагдсан “Анхны од”, “Одоо ахиулсан” болзол хангажээ. Энэ удаа цагаан, шар бугуйвчаар тус бүр гурав, улаан, нил ягаан бугуйвчаар тус бүр хоёр тамирчин “гоёх” аж. Эл тэмцээний 3х3х3 шооны төрөлд Ц.Тэмүүлэн түрүүллээ.