Грек улсад болж буй жиү жицүгийн ДАШТ-ий зургаа дахь өдөр насанд хүрэгчдийн ноги ангилалд эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Гаруда” академийн тамирчин Г.Монголжин мөнгө, “Жамп” академийн Э.Шүрэнцэцэг хүрэл медаль хүртлээ. Тэгвэл 21 хүртэлх насныхнаас 48 кг-д “Ральф грэйси” академийн Б.Эгиймаа Казахстан, Францын тамирчныг ялж хүрэл медаль зүүв. Тус ангиллын 70 кг-д “Жамп” академийн тамирчин Б.Хонгорзул, 63, “Ральф грэйси”-гийн тамирчин Ү.Отгонжаргал нар V байр эзэлсэн байна.
Хөвгүүдээс ноги төрлийн 16 хүртэлх насныхны ангилалд 56 кг-д зодоглосон “Гаруда” академийн Б.Алтан-Эрдэнэ хэсгийн барилдаанд Польш, Израилын тамирчныг ялж, хэсгийн аваргын төлөө Саудын Арабын тамирчинд хожигдож, хүрэл медалийн төлөө Монтенегро улсын тамирчныг ялсан юм. Түүний амжилтыг үргэлжлүүлж, эл ангиллын 77 кг-ын жинд “Ральф грейси” академийнхнаас Э.Бат-Оргил Грек, АНЭУ, Украин, Казахстаны тамирчныг буулган авч хүрэл медалийн тавцанд зогслоо.