Таеквондогийн спортод олны анхаарлыг татдаг техник, тактик, ширүүн өрсөлдөөн өрнөдөг. Монголын таеквондогийн холбоо “3х3 багийн тулаан-2024” УАШТ-ийг ирэх сарын 4-6-нд “Улаанбаатар палас”-ын “Royal hall”-д анх удаа зохион байгуулах нь. Энэ удаагийн тулаан зургаан насны ангилалд шоу, энтертайнмент маягаар өрнөх аж. Тулааны дэвжээнд багаараа өрсөлдөх тамирчдын тэмцээний торгон агшин, аваргаар тодрох мөчийг үзэх гэж спорт сонирхогчид догдолж буй гэнэ.
Энэ спорттой холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, дэлхийн таеквондогийн төв байгууллагын хамгийн нэр хүндтэй шагнал болох Куккивоны шагналаар Монголын таеквондогийн холбооны дэд ерөнхийлөгч Л.Цэнгүүнжав, “Парис-2024” паралимпийн аварга У.Сүрэнжав нарыг шагнажээ. Тус байгууллагын ерөнхийлөгч И Дун Соп шагнал гардуулахдаа “Дэлхийд 300 сая гаруй хүн таеквондогоор хичээллэж байна. Монгол Улс таеквондогийн төрлөөр анх удаа паралимпийн алтан медаль авсанд баяр хүргэхийн зэрэгцээ спортын хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж энэхүү шагналаа олгож байна” хэмээжээ.