Туялзуур сэлмийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Бага нас, өсвөр үе, насанд хүрэгчдийн ангилалд зохион байгуулсан дээрх тэмцээнд таван клубийн 100 гаруй тамирчин оролцов. Эхний өдөр 8-16 хүртэлх насныхан өрсөлдсөн. Хамгийн бага нас буюу найм хүртэлх насныхны охидын ангилалд Б.Хувьтайсайхан (“Флеш”), хөвгүүдээс Н.Хантүшиг (ЛТ клуб) түрүүлсэн юм. 10 хүртэлх насныхны хөвгүүдээс А.Билэгдэмбэрэл (“Дуэль”), охидоос Н.Үжин (“УБ фенсинг”) нар бусдыгаа хошуучиллаа. Тэгвэл 14 хүртэлх насныхнаас Н.Чинхүслэн (“Дуэль”), М.Цасчихэр (“УБ фенсинг”), 16 хүртэлх насныхад “Дуэль” клубээс Ц.Тэмүүлэн, Ч.Энэрэл нар тэргүүн байр эзэлжээ. Насанд хүрэгчдийн ангилалд эмэгтэйчүүдээс ОУХМ Б.Амарзаяа (“УБ фенсинг”), эрэгтэйчүүдээс ОХУ-ын тамирчин А.Юрий ЛТ клубийг төлөөлөн оролцож, аваргаар шалгарсан байна.