Кэндо нь Японы үндэсний тулааны урлаг. Тулааны спортын төрлүүдээс илдээр тулалддаг онцлогтой. Үүгээрээ зөвхөн тулааны урлаг төдийгүй философи, сургаалыг ч давхар агуулдаг байна. XIX зуунаас эхлэн илдийг хулсаар орлуулах болсон нь кэндогийн урлаг үүсэх эхлэл байв. Энэ нь сэлэм ашиглан дайснаа ялах самурайн тулаанаас үүдэлтэй ч түүхийн явцад урлаг болон хөгжжээ. Монголд үүгээр хичээллэдэг залуус цөөнгүй. Тэдний нэг нь ОУХМ, III дант Э.Уртнасан. Тэрбээр шигшээ багийн тамирчин байхдаа Японы Токиод 2015, БНСУ-ын Инчон хотод 2018 онд зохион байгуулсан ДАШТ-д улсаа төлөөлж оролцсон билээ. Өдгөө Монголын кэндогийн холбооны шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж буй түүний удирдлагад тамирчид бэлтгэл базааж, Италийн Милан хотод өнгөрсөн долоодугаар сард болсон ДАШТ-д өрсөлдсөн юм.
-Монголын кэндогийн холбооны шигшээ багийнхан ДАШТ-д оролцсоноос хойш нам гүмхэн байна. Та тэднийг ойрын хугацаанд ямар тэмцээнд сойх вэ?
-Миний хувьд тамирчдаа Монгол Улс дахь Японы Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулдаг томоохон тэмцээнд оролцуулахаар бэлтгэл хийлгэж байгаа. Үүний дараа ирэх жилийн нэгдүгээр сард болох спорт холбоодын нэгдсэн УАШТ-д сойно. Мөн Монголын кэндогийн холбооноос сар бүр зохион байгуулдаг чансаа тогтоох тэмцээнд амжилт гаргасныг нь дараагийн ДАШТ-д өрсөлдүүлэх бодол бий. Японоос дасгалжуулагч багш нар манай улсад ирж, хүүхэд, залууст кэндо заадаг. Манай холбоо байгуулагдсан цагаасаа зөвхөн Японы Элчин сайдын яам гэлтгүй тус улсын ард түмэнтэй өнөөг хүртэл холбоотой ажиллаж ирсэн.
-Та шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдохоосоо өмнө “Монгол кэндо” клубийн багш байсан санагдах юм.
-Тийм ээ. Би өмнө нь клуб хариуцсан багш байлаа. Итали улсын Милан хотод өнгөрсөн долоодугаар сард зохион байгуулсан 19 дэх удаагийн ДАШТ-д Монголын шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан. Японд 2027 онд 20 дахь удаагийн ДАШТ болно. Монголын кэндогийн холбоо надад үргэлжлүүлэн ажиллах санал тавьснаар тус тэмцээнд өрсөлдөх шигшээгийн багийнхны бэлтгэлд гол анхаарлаа хандуулж байгаа. Монголын тамирчид 2015 оноос ДАШТ-д оролцож эхэлсэн. БНСУ-д 18 дахь удаагийн тэмцээн болоход цар тахал олон улсад дэгдсэн тул манайхан оролцолгүй өнжсөн.
-Олон улс туршлагатай, ахимаг насны тамирчдаар шигшээ багаа бүрдүүлсэн харагддаг.
-Манай эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг тус бүр таван тамирчинтай. Тэдний дунд олон улсын тэмцээнд цөөнгүй оролцсон туршлагатай тамирчид ч бий. Энэ жилийн ДАШТ-д 56 улсын тамирчин ур чадвараа сорьсон. Кэндогийн спортод гол өрсөлдөгч нь Азиас Япон, БНСУ байдаг юм. Сүүлийн үед Европын орнууд кэндог эрчимтэй хөгжүүлж, хүчирхэг баг илгээдэг болсон нь тэмцээний үед анзаарагдсан. Монголын шигшээ залуу тамирчдаар хүч сэлбэсэн тул эрч хүчтэй багуудын нэг байлаа. Бид энэ удаа өмнөх тэмцээнүүдийн үзүүлэлтэд дөхөж очсон шүү. Эрэгтэйчүүдийн багаас ОУХМ Т.Чинзориг тэмцээний үед халтирч унаснаас хөлөө бэртээж үргэлжлүүлэх боломжгүй болсон. Хэрвээ гэмтээгүй бол багаараа шөвгийн 16, цаашлаад наймд үлдэх боломжтой байв. Хэдийгээр саадтай тулгарсан ч манайхан ДАШТ-д хэсгээсээ гарах боломжтойг мэдэрлээ. Дараа тамирчдаа амжилттай оролцуулахын тулд бүхнийг эртнээс төлөвлөнө. Японд тэмцээн эхлэхээс хэдэн сарын өмнө очиж, тамирчидтай нь хамтарсан бэлтгэл хийхийг зорьж байгаа. Тамирчдад тухайн орны уур амьсгал, цаг агаар, орчин нөхцөлд дасан зохицох нь чухал. Амжилт гаргахад олон зүйл шалтгаалдаг тул бие, сэтгэл зүйн бэлтгэлийг ч гэсэн сайтар хангасан байх ёстой.
-Японд 2015, БНСУ-д 2018 онд болсон ДАШТ-д оролцохдоо та шигшээ багийн тамирчин байсан. Энэ удаа Италийг зорихдоо дасгалжуулагчийн ажлын амаргүйг мэдрэв үү?
-Өмнө нь зөвхөн өөрийн бэлтгэл, тэмцээнд анхаардаг байлаа. Шигшээ багийн дасгалжуулагч болоод тамирчидтай нэгбүрчлэн тулж ажиллах амаргүй санагдсан. Тэмцээний үед бэлтгэл сургуулилалтын зарим алдааг ч анзаарч харлаа. Үүнээс гадна кэндог хэрхэн хөгжүүлж, тамирчид нь амжилт гаргасныг дотор нь дээд, дунд, хөгжиж буй улс гэж гурав ангилж байна. Ази тивээс Япон, БНСУ дээд, БНХАУ дунд, бусад нь хөгжиж буй улсын түвшинд багтдаг. Монголын тамирчид дунд түвшний ангилалд багтах болсон. Миний гол зорилго бол дээд түвшинд хүртэл хөгжүүлж, дараагийн ДАШТ-д оролцуулах. Ингэхийн тулд дасгалжуулагч, тамирчин аль аль нь хичээл зүтгэл, хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулна. ДАШТ-ийг гурван жилд нэг удаа зохион байгуулдаг. Тиймээс тамирчдаа шаргуу бэлтгэл хийлгэнэ. Энэ удаа эмэгтэйчүүдийн баг сулхан, санаанд хүртэл оролцсонгүй. Европоос Франц, Итали, ХБНГУ-ын тамирчид сайн байлаа. Канад улс шигшээ багаа Японд зургаан сар бэлтгэл хийлгэсний үр дүнд финалд шалгарах хэмжээнд өрсөлдлөө шүү дээ.
-Кэндо, айкидо, бүшидо, жүдо зэрэг тулааны урлаг Японд өндөр хөгжсөн. Тулаанч хүн ямар ёс зүй баримтлах ёстойг ном товхимолд тодорхой өгүүлсэн байдаг.
-Кэндо нь Японоос гаралтай сэлмийн тулааны урлаг. Шимтэн суралцахад олон талын мэдлэг өгдөг давуу талтай. Тус улсын ахлах болон их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт кэндо, жүдог албан ёсоор багтаадаг тул хүүхэд, залуус аль нэгийг нь сонгож хичээллэдэг. Хүчний байгууллагад цагдаа, тусгай ажиллагааны алба хаагчаар ажиллахаар бол тулааны урлагаас заавал суралцсан байх шаардлагатай. Үүгээр тухайн хүний физик чанарыг давуу талтай нь авч үлдэхийг зорьдог. Тулааны урлагт ёс зүйг эрхэмлэдэг. Жүдогийн тамирчид “Жүдо бусдыг хүндлэх маш чухал зарчимтай” гэж ярьдаг. Японд хүчний байгууллагын албан хаагчид жүдо, кэндогоор хичээллэдгийн учир нь ёс зүйтэй байхад чиглэдэг юм.
-Италид болсон ДАШТ-ий шүүлтийн дүрэм, заалтад өөрчлөлт оров уу?
-Кэндогийн шинэ дүрэмд цар тахлын байдал багагүй нөлөөлжээ. Тамирчид тулалдахдаа ойрын зайнд гурваас дээш секунд болбол торгуулна. Тиймээс ойрын зайнаас тулалдах, цаг хожих зүйлд томоохон өөрчлөлт орсон. Олон улсын кэндогийн холбоо шинэ дүрмийнхээ талаар мэдээлэл өгсөн. Италиас ирээд тамирчдынхаа тулааны довтолгоог өмнөхөөс нь илүү сайжруулахаар судалж байна. Тухайлбал, мэн буюу толгойд цохьдог мэхэнд олон улсын шүүгчид оноог цааргалалгүйгээр шууд өгдөг. Тамирчдын оноо авах магадлал ч өндөрсдөг. Ямарваа тэмцээнд тамирчин, дасгалжуулагч судалгаатай оролцоход амжилт гаргах боломжтой. Монголын эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчдаас гурав нь цээжээр довтлохдоо сайн. Тамирчид өөрийн тулалдах арга барил, онцлогт тохируулж, дээгүүр, доогуур довтлохоо шийддэг. Дасгалжуулагчийн хувьд багийнхандаа мэн буюу толгой руу цохих мэх хийж, шүүгчдээс өндөр оноо авахыг зөвлөдөг.
-Монголын шигшээг Японы тулааны тамирчидтай харьцуулах арай л эртдэх байх. Гэхдээ манайхан ч гэсэн туршлага чамгүй хуримтлуулсан гэж боддог шүү.
-Японы багийн дөрвөн дасгалжуулагч 60-аас дээш настай, дэлхийн аварга болсон, VIII дантай. Бид тэдний ур чадварт хараахан хүрээгүй ч өөрийн хэмжээнд бол бусад орноос сайн байсан гэж дүгнэсэн. Миний хувьд III дантай. Кэндогийн тамирчдын хувьд VIII дан хамгийн өндөр зэрэг нь. Энэ удаагийн ДАШТ-д оролцсон тамирчдаас Д.Чинбилэгт IV дан зэргээ хамгааллаа. Тамирчдын дан ахих тусам карьер нь өсөж, оролцох тэмцээнүүдийнх нь зэрэглэл өндөр болдог юм. Японд I-III, IV-VI дангийн ангилалтай тэмцээн зохион байгуулдаг. Монгол тамирчдын дан төдийлөн ахидаггүй шалтгаан дангийн шалгалт өгөх амаргүй байдагтай холбоотой. Дан хүртэхийн тулд Японоос 5-6 багш урина. Тэд тухайн тамирчнаас шалгалт авч, тэнцсэн тохиолдолд ямар дан олгохыг хэлэлцэж, зөвшөөрсөн гарын үсэг зурснаар Олон улсын кэндогийн холбооноос зохих данг нь олгодог журамтай. Тэгэхээр манай тамирчдын хувьд жил бүр дан зэргийн шалгалт өгөх боломжгүй. Тиймээс хоёр жилд нэг удаа Японы Элчин сайдын яамтай хамтарч томоохон арга хэмжээ зохион байгуулж, дангийн шалгалт өгдөг. Дан хүртсэнээс таван жилийн дараа VIII дангийн шалгалт өгнө. III дан хүртсэн нь дөрвөн жилийн дараа IV дангийн шалгалт өгөх эрхтэй болдог. VII дан хүртсэн бол найман жилийн дараа VIII данг 55 насанд нь олгоно. Японд VIII дангийн шалгалтыг жилд хоёр удаа авдаг. Гэхдээ тэнцэх нь ховор. 100 тамирчнаас нэг нь өндөр шалгуур давах жишээтэй. Дангийн шалгалтад тулааны урлаг гэхээсээ илүү философийн талаар асуух нь хэцүү.
-Кэндогоор хичээллэдэг тамирчин ёс зүйгээс гадна амьдралын ухаанаас суралцдаг биз?
-Кэндог шинээр суралцагчдад бусдыг хүндлэх ёстой гэсэн ёс зүйн ойлголтыг хамгийн түрүүнд өгдөг. Үүгээр хичээллээд өөрийгөө өөрчилсөн хүмүүс бий. Монголын тамирчдаас Э.Билгүүн сагсан бөмбөгөөс түр завсарлахдаа кэндо сонирхож хичээллэсэн юм. Дараа нь сагсан бөмбөг тоглох гэтэл нэг л болохгүй байв. Тэрбээр “Сагсан бөмбөг тоглох надад нэг л тухгүй санагддаг болсон” гэж билээ. Хятад, Хонконгод кэндогоор ёс зүйтэй хүмүүс хичээллэдэг гэсэн ойлголт давамгайлдаг. Энэ нь нийгмийн давхаргын хувьд дундаж түвшнээс дээш хүрээллийнхэн хичээллэдэг гэсэн үг юм. Тэнд үүгээр хичээллэхэд өндөр өртөгтэй. Бизнесийн салбарт амжилттай яваа хүмүүс хичээллэж, тодорхой хүрээлэл бий болгодог. Надад өмнө нь хүүхдүүдтэй ажиллах амар санагддаг сан. 21-ээс дээш насныханд ёс зүйн талаар ярихад хүлээж авах нөхцөл байдал нь тийм ч амар биш. Харин 14-16 насныханд заахад сайн ойлгодог, дуртай ч хүлээж авна. Гэр бүлийнхэн нь ч хүүхдээ тал бүрээс нь дэмждэг.
-Таныг кэндо руу татсан зүйл юу байдаг юм бол?
-Хүүхэд байхдаа кэндогийн тэмцээн үзэж анхны ойлголттой болсон. Гэхдээ тухайн үед хичээллэх сонирхол төрөөгүй. 23 нас хүрээд жин жаахан нэмсэн тул хөдөлгөөнтэй байхыг хичээж, тулааны спортоос кэндотой нөхөрлөхөөр шийдсэн юм. Бэлтгэл хийсэн анхны өдрөөс бүх зүйл нь таалагдаж, цааш үргэлжлүүлэхэд нөлөөлсөн. Кэндо самурайн сэлэмтэй тулаанаас үүдэлтэй. Японд самурайн ёсыг халж, биедээ зэвсэг авч явахыг хориглосон тул тулалдах үндсэн техникийг нь кэндод шингээсэн. Үүгээр хичээллэдэг тамирчдын баримталдаг дэг жаяг, ёс зүй самурайхтай адил.
-Кэндогоор хичээллэдэг залуус хувцас, илдэндээ хүндэтгэлтэй хандах юм аа.
-Тэд хүндэтгэлтэй хандахын хэрээр хувцас, илдээ нямбай, цэвэрхэн, гамтай эдэлнэ. Хувцсаа цэвэр өмсөнө гэдэг өөрийгөө болон өрсөлдөгчөө хүндэлж буй нэг хэлбэр. Мөн тулаанд хэрхэн бэлдсэнээ харуулж буй илэрхийлэл. Бизнесийн салбарынхан кэндогоор хичээллэдэг хүмүүст хөрөнгө оруулалт хийхдээ хэзээ ч эргэлздэггүй. Тэдний итгэл найдварыг даах ёс зүйг эл урлагаас сурдаг. Тулааны урлагийн төрлөөс бизнесийн түншлэлийг итгэл дээр тулгуурлахад, мөн хамтран ажиллахад хамгийн гол нөлөө үзүүлдэг нь кэндо юм. Тухайн хүний дотоод сэтгэл зүй, ертөнцийг үзэх үзлийг ч өөрчилдөг. Зөв хандлагатай, өөртөө итгэлтэй, шийдэмгий, зоримог, дайчин, хэлсэн үг, хийсэн зүйлдээ эзэн болоход сургадаг давуу талтай.
-Тамирчдаа фитнесийн дасгал хөдөлгөөн хийлгэдэг нь ямар учиртай юм.
-Миний хувьд тамирчдаа бэлтгэл хийлгэхдээ биеийг нь хөнгөн болгох, зарим булчинг нь хөгжүүлэх зорилгоор фитнесийн дасгал хөдөлгөөнийг нэмсэн. Кэндогийн дасгалуудыг дангаар нь хийгээд амжилт гаргах бараг боломжгүй. Тиймээс хурд, хүчний сургуулилалтын талаар судалгаа хийж байгаа. Монголын кэндогийн шигшээ багийн түүхэнд ДАШТ хэсгээсээ гарч өрсөлдсөн тохиолдол байхгүй. Дасгалжуулагчийн хувьд дараагийн ДАШТ-д тамирчдаа хэсгээс нь гаргаж, шөвгийн 16, наймд багтаахыг зорьж байгаа. Тиймээс судалгаа, тактик, төлөвлөгөөтэй ажиллаж эхэлсэн.
-Гэрийнхэн тань дэмждэгийн ачаар таныг кэндотой олон жил нөхөрлөжээ гэж ойлголоо.
-Намайг кэндод хөл тавьсан цагаас гэрийнхэн минь дэмжиж ирсэн. Миний үүгээр хичээллэснийг ойлгож, хүндэлдэг. Манайхан одоо түрүүлэхэд минь баярлан урам өгч, ялагдахад хурцалж, сэтгэлийн дэм өгдөг болсон. Монголчууд сэлмээр тулалдах урлагт сайн. Манай эрчүүдээс амархан бууж өгөхөөргүй зоримог зан чанар, тулаанч сэтгэл зүй цухалздаг. Энэ нь эцэг өвгөдийн байлдан дагуулалтын түүхээс улбаатай. Япончууд хүүхдүүдийг кэндогоор хичээллүүлдгийн гол учир нь тулаанч байдлыг нь сайжруулах зорилготой юм. Тулааны урлагийг тулаан хийхгүйн тулд суралцдаг гэдэг үг бий. Японы нэг дасгалжуулагч “Ёс зүйтэй хүмүүсийг самурай болгохгүй бол арчаагүй нь болчихвол энгийн нэгэнтэй арсалдана шүү дээ” гэж билээ.