Австрали улсад зохион байгуулсан снүүкер биллиардын эмэгтэйчүүдийн нээлттэй тэмцээнд тив, дэлхийн хүрэл медальт, ОУХМ Б.Нарантуяа Монголоос оролцсон. Тус тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлэгч шилдэг 16 тамирчин ур чадвараа сорьж буйгаараа энэ удаагийн тоглолт онцлог ихтэй болж байна. Тэдний дунд, Монголд өнгөрсөн сард болсон снүүкер болон зургаан улааны “Дэлхийн цом”-д өрсөлдсөн шилдгүүд ч мөн багтсан аж. Манай тамирчин хэсэгтээ хоёр хожиж, хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авснаар тэмцээнээ үргэлжлүүлсэн.
Тэрбээр шигшээ дөрөвт Тайландын тоглогч Минк Нутчаруттай таарч, эхний үед тэргүүлж эхэлсэн ч тоглолтын явцад оноо тэнцэн 4:3-аар хожигдсон юм. Тэгвэл алтан медалийн төлөө Минк Нутчарут дэлхийн долоон удаагийн аварга, Хонконгийн тамирчин Онь Ин Нгийг мөн 4:3-аар ялснаар хоёр дахь удаагаа түрүүлэв.
Энэ спорттой холбоотой дотоодын өөр нэгэн мэдээ дуулгахад, биллиардын сонирхогчдын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн болоход 56 тамирчин оролцсоноос Д.Болдбаатар тэргүүлэв.