Италийн Ерөнхий сайд, Европын төв банкны тэргүүн асан Марио Драгги энэ зууны эхнээс өсөлтийн хурдаа сааруулсан Европын ирээдүйн тухай 400 хуудас материал бэлтгэж, яаж мөнгө олох, Европын Холбооны бодлогыг дэлхийтэй уялдуулахын тулд хэрхэн ажиллах талаарх бодлоо хуваалцжээ.
Илтгэлд өгүүлснээр АНУ, Хятад мэт өрсөлдөгчдөөсөө хоцрохгүйн тулд тус холбоо нэг жилд дор хаяж 750-800 тэрбум евро олох хэрэгтэй аж. Драггийн үзэж буйгаар Европын Холбооны авдаг зээлийг “ногоон” өөрчлөлтийн салбар болон амин чухалд тооцогддог батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэхэд зарцуулах нь чухал болсон байна. “Европын Холбооны хойч үеийн санд (NGEU) түшиглэн Европын Холбооны өрсөлдөх чадвар, аюулгүй байдлыг дээшлүүлэх хамтын хөрөнгө оруулалтын төсөлд ашиглах зээлийн хэрэгслийг бий болгох нь чухал” гэж Драгги онцлон тэмдэглэсэн байна.
Түүний хийсэн дүгнэлтэд Хятадын тухай нэг бус удаа өгүүлсэн байх юм. Сүүлийн жилүүдэд тус эвслийн 27 улс Хятадыг түнш хийгээд эдийн засгийн өрсөлдөгч гэж үзэж ирсэн бол одоо “аюул, занал” гэх болжээ. Нидерландын Гадаад хэргийн сайд асан Вопкс Хукстра өнгөрсөн долоо хоногт Эйдховений техникийн их сургуулийн оюутнуудтай уулзахдаа Европын Холбоо Бээжинтэй тогтоосон хэлхээ холбоогоо таслах бодолгүй ч арилжааны тэнцвэрээ сэргээх арга хэмжээ авахаас аргагүй болж буйг онцолсон байна. Онц чухал түүхий эд, тоон технологийн хувьд зарим нийлүүлэгчээс хамаарах байдлаа багасгах ёстой гэж Драгги үзэж буй.
Европын Холбоо аж үйлдвэрлэлийн стратеги хэрэгжүүлэх шаардлагатай болсныг Драгги дахин дахин анхааруулжээ. Тухайлбал, автомашин үйлдвэрлэлийн хувьд Европ нэлээд төвөгтэй болоод байгаа аж. Бензин, дизель хэрэглэдэг уламжлалт автомашин зах зээлээс аажмаар шахагдаж байна. Үүний зэрэгцээ Европын машин үйлдвэрлэл Хятадын цахилгаан машины үйлдвэрлэгчидтэй худалдан авагчдаа булаацалдах болжээ. Европ чухал байгаа газартайгаа үйл ажиллагаагаа уялдуулахгүй, шийдвэр гаргах журам, дэг нь эвсэл өргөжиж буйтайгаа уялдан олигтой өөрчлөгдөхгүй байгаа гэж илтгэлд дурджээ. 2019 оны байдлаар Европын Холбоо 13 мянга орчим хууль, эрх зүйн баримт бичиг гаргасан бол энэ үзүүлэлт АНУ-д ердөө 3000 байж. “Бид арай цөөн хууль гаргаж, жижиг зүйлээр хөөцөлдөхгүйг бодолцмоор байгааг энэ баримт харууллаа” гэж Драгги сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн байна.
Европ дахин дайн, эдийн засгийн үргэлжилсэн уналт, шилжилт гээд олон хямралтай нүүр тулгараад буй. Эндхийн олон Засгийн газар хэт барууны аюултай тулгарснаас (тухайлбал, Франц, Германы удирдагчид) Европын Холбооны интеграцын уламжлалт хөдөлгүүр саяхны сонгуулиудын үр дүнд сулраад байгаа юм.
Марио Драггийн бэлтгэсэн илтгэл овор хэмжээгээрээ төдийгүй саяхан болтол эрчимтэй хөгжиж байсан Европын эдийн засгийн хамтын нийгэмлэгийн хувь заяаны төлөө анх удаа илэн далангүй хэлснээрээ түгшүүрийн харанга дэлдэв. Дэлхийн эдийн засгийн тэргүүлэх тоглогчидтой өрсөлдөх чадвар нь доошилж байгаад Драггийн илтгэл бүхэлдээ зориулагдсан гэж хэлж болно. Тэргүүлэх тоглогчид гэдэг нь мэдээж АНУ, Хятад. 2000 оноос АНУ-ын бодит орлого Европын Холбооныхоос бараг хоёр дахин нэмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүний зөрүү нь 2002 онд 15 хувь байсан бол 2023 онд 30 хүртэл хувь болсон байжээ. Европын өнөөгийн хямралд нөлөөлсөн олон хүчин зүйл байна. Глобалчлалын нөхцөлд Европын Холбооны худалдаа буурлаа. Зүүн Европын зах зээлийг Өрнөдийн бараа эзэгнэв. Дэлхийн худалдаанд Европын Холбооны эзлэх хувь хэмжээ эрс хорогдлоо. Европын компаниудын хилийн чанадад явуулах өрсөлдөөн, юуны урьд Хятадын үйлдвэрлэгчдээс мэдэгдэхүйц буурчээ. Хятадын бараа, бүтээгдэхүүн дэлхийн зах зээлийн 40 хувьд нь Европынхтой өрсөлдөж, 25 хувиас нь шахан гаргаад байна.
“Эрчим хүчний хамгийн гол нийлүүлэгч Оросыг Европ алдав” гэж Драгги нууж хаалгүйгээр хүлээн зөвшөөрчээ. 2022 оны үйл явдлаас өмнө гаднаас Европын Холбооны авдаг байгалийн хийн 45 хувь нь Оросынх байсан юм. Европт эрчим хүчний үнэ Америкийнхаас 2-3, байгалийн хийнийх 4-5 дахин их өндөр байна. Европчууд байгалийн хийнд Хятадаас 30 хувь илүү үнэ төлж буй аж.
Европт учирч буй бэрхшээл эрчим хүчтэй төдийгүй хүний нөөцтэй холбогдож байна. Өрнөд эрчимтэй хөгширч, эрчим хүчний нь хөгжлийг хүн амын нь өсөлт анх удаа дэмжиж чадахаа байв. 2040 он гэхэд ажиллах хүчний нь тоо жил тутам хоёр сая хүнээр хорогдох тооцоо бий. Тус тивд сүүлийн 50 жилд жинхэнэ, томоохон гэж хэлж болох ганц ч компани “төрөөгүй” байхад энэ хугацаанд АНУ-д нэг их наяд орчим ам.долларын хөрөнгөтэй зургаан компани гараад ирсэн байх жишээтэй. Ямар сайндаа л яаралтай арга хэмжээ авахгүй бол Европын эдийн засаг удахгүй “амьсгал хураана” гэж Драгги шуудхан мэдэгдэж байх вэ.
Европыг яаж аврах вэ? Юуны урьд ямар ч байлаа гэсэн хөрөнгө оруулалтаа АНУ-тай дүйхээр болгох нь чухал. Хоёрт, нүүрстөрөгчөөс ангижрах хамтарсан төлөвлөгөө. Энэ бол аж үйлдвэрийг өсгөх боломж олгох шинэ цонх юм. Дээр нь асар их мөнгө. 2031-2050 онд энэ зорилгод жилд 100 тэрбум ам.доллар зарцуулна. Гэтэл экологийн цэвэр технологиор европчуудыг Хятад зах зээлээс эрчимтэй шахна.
Сүүлийн жилүүдэд, ялангуяа Хятадын цахилгаан машин, аккумулятор, нарны батарейн экспорт нэмэгдэж буйтай уялдан Европын Холбоо, тус улс хоорондын худалдааны тэнцвэр эрс муудаж байна. Цаашдаа ийм байдал үргэлжилсээр байвал Европын Холбооны цахилгаан машин үйлдвэрлэл 70 хувиар буурна. Гуравт, аюулгүй байдал, Европын Холбооны эдийн засгийн хамаарлыг багасгах явдал.
Хятадын өрсөлдөөнийг сөрөхийг илтгэлд ихээхэн чухал гэж үзсэн байна. Тэгэхдээ Хятадын бараанд хатуу хязгаарлах тариф тогтоосон Америкийн замаар явах нь буруу, ялгавартай хандах нь зөв гэж Драгги үзжээ. Зарим бизнес төслийг батлах гэж хэдэн жил болдог Европын Холбооны хэтэрсэн хүнд суртлыг Драгги шүүмжилжээ. Ингэж байж ихээхэн хөрөнгийг АНУ руу алдчихдаг. Хувийн хөрөнгө оруулагч зангарагтай хандах чадваргүй байдаг тул “ногоон”, тооны гэх мэт тэргүүлэх салбаруудад санхүүгийн гараа улс сунгах ёстойг илтгэл бэлтгэгч зориуд тэмдэглэжээ. Америкийн шинэ либерал загварыг Хятадын төрийн зохицуулалт, санхүүгийн дэмжлэгийг нь зарим элементтэй хамсруулахыг, хийг оролцуулаад чухал нөөцийг худалдаж авах нэгдсэн хөтөлбөр Европын Холбооны бүх улсад бий болгохыг Драгги бас санал болгожээ.
Европын Холбооны өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд цэргийн аж үйлдвэр онцгой үүрэгтэй. Цэргийн зардлаар тус холбоо дэлхийд АНУ-ын дараа хоёрдугаарт ордог юм. Европын зэвсэг үйлдвэрлэдэг компаниуд ядуу, хөрөнгө, нөөц хомс. Зэвсгийн шинэ төрөл бий болгох ажилд Европын Холбоо тууштай оролцохыг Драгги бас зөвлөсөн байна. Энэ салбарт оруулах хөрөнгийг олон тэрбумаар нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага гэж тэр үзэж буй юм байна.
Марио Драггийн илтгэл бүхэлдээ юуг харуулж, түүний ард хэн байгаа юм бол? Энэ баримт бичиг Европын Холбооны дээд удирдлагын түвшинд “доргио чичиргээ” үүсгэсэнд эргэлзэх юун. Илтгэлийн агуулгыг улс төр, бизнесийн салбарын нэрд гарсан хүмүүс дэмжиж буйн дотор бидний гадарлах Илон Маск багтсан байна. Дональд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдвол түүнийг Засгийн газрынхаа бүрэлдэхүүнд оруулж ажиллуулахаар уриад байгаа билээ.
Гадаадын мэдээллийн хэрэгслүүдийн өгүүлж буйгаас үзвэл дэлхийн бодлогод Европ төдийлөн нөлөөлөхөө больж буй янзтай. Энэ нь зөвхөн Украин дахь үйл явдалтай ч холбоотой биш.
Газын зурваст ХАМАС-ын эсрэг байлдаанд ашиглаж буй зэвсгийг Израилд нийлүүлэхээ зогсоохыг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон уриалсан. Тэрбээр “Бид гал зогсоохыг хүсчихээд зэвсэг өгөөд байж яаж болох вэ” гэсэн байна лээ. Макрон “бид” гэсэн нь ганц Францаа хэлээгүй. Израилд Франц батлан хамгаалах зориулалттай зэвсэг л өгч буй бол АНУ бүх төрлийн зэвсэг нийлүүлж байгаа юм. Газын зурваст цэргийн ажиллагаа эхлээгүй байхад л гаднаас авдаг зэвсгийн 70 хувь нь Америкийнх байсан. Ливан руу Израил дайрсантай уялдуулж Макрон л түрүүлж дуугарсан болохоос биш еврейн улсад өгөх зэвсгийг хязгаарлах бодол Испани, Канад, Британид ч бий. Өрнөд хэрэв зэвсэг өгөхөө болих юм уу, хорогдуулбал Израилын арми (ЦАХАЛ)-д гартаа барих юм үгүй болно. Тиймээс ч Макроны уриалгыг Израил их эмзэг хүлээж авсан. Ерөнхий сайд Нетаньяху нь “Иранаар толгойлуулсан зэрлэгүүдийн хүчинтэй Израил тэмцэлдэж байхад соёл иргэншилтэй бүх улс бидний талд хатуу зогсох учиртай. Гэтэл Ерөнхийлөгч Макрон болон Өрнөдийн зарим удирдагч зэвсэг нийлүүлэхэд хориг тавихыг уриалж байх юм. Шившиг байгаа даа” хэмээн Францын Ерөнхийлөгч рүү довтоллоо.
Нэг ёсондоо, Газын зурвас, Ливанд хүмүүс амиа алдаж, олон саяараа дүрвэж байгааг дуугүй хараад суухыг хүсэлгүй энх амгалан байхыг уриалсныхаа төлөө Франц улс, түүний Ерөнхийлөгч соёлжиж иргэншээгүй гэгдэхэд хүрэв. Израилд АНУ зэвсэг нийлүүлсээр байгаа төдийгүй Иранд цохилт өгөх хувилбарыг удирдагчидтай нь ярилцаж байна.
Эцэст нь тэмдэглэхэд, энх тайван, хөгжил цэцэглэлтийг Европын Холбоо бий болгосон тэр тулгуур ганхаж эхэлжээ. Эдийн засаг нь одоогийнхоос илүү өрсөлдөөнийг тэсэх чадваргүй, геополитикийн тогтворгүй байдал нь нэмэгдэж, түүний хамаарал нь эмзэг хэврэг байдал болж хувирсан байна.