Сангийн сайдаар ажиллаж байсан Шигэрү Ишиба Японы эрх баригч Либерал-ардчилсан нам (ЛАН)-ын тэргүүний сонгуульд ялж, энэ сарын 1-нээс Ерөнхий сайдын албыг хашиж эхлэв.
Сонгууль эхлэхэд есөн өрсөлдөгч байсан нь тус улсын түүхэнд анхны тохиолдол боллоо. Тэдний дотор Ерөнхий сайд асны хүү Синзиро Коизүми, Эдийн засгийн аюулгүй байдлын сайд, хатагтай Санаэ Такаити нар байв. Коизүми Япон, АНУ-ын холбоог цаашид бэхжүүлэх бодолтой, хөдөлмөрийн хууль тогтоомжтой холбоотой өөрчлөлтийг урагш ахиулахыг амласан. Тэгвэл Такаити консерватив (хуучинсаг) үзэл баримталдаг. Ижил хүйстнүүд гэрлэх, нөхөртэй эмэгтэйчүүд охин байх үеийнхээ овгоо хадгалж үлдэхийг эсэргүүцэж, кибер болон сансрын хамгаалалт, эдийн засгийн өсөлтийг дэмжиж, Хятадтай харилцахдаа хатуу байр суурьтай байхыг уриалдаг аж. ЛАН-ын тэргүүний суудалд Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсимаса Хаяши, Эдийн засгийн аюулгүй байдлын сайд асан Такагоки Кобаяши, Гадаад хэргийн сайд асан Тосимицү Мотэги, одоогийн сайд Еко Камикава, Засаг захиргааны өөрчлөлтийн сайд Таро Коно, Эрүүлийг хамгаалахын сайд асан Кацүнобү Като нар мөн өрсөлдсөн юм.
Японы улс төрд хоёр эмэгтэй байсны нэг нь энэ оны наймдугаар сард Токио хотын захирагч болсон Коикэ Юрико. Ер нь Японы түүхэнд мужийн амбан захирагч эмэгтэй хэд хэд байснаас нийслэл хотынхоо удирдагч болсон эхний эмэгтэй нь Коикэ юм. Токиогийн захирагч долоон их наяд иений төсөв (Швед улсын төсөвтэй тэнцэнэ) хянадаг.
2021 оноос Ерөнхий сайдаар ажилласан Фүмио Кишида наймдугаар сарын дундуур “Шинэ, өөрчлөгдөж буй ЛАН-ыг иргэддээ харуулах хэрэгтэй болсон. Үүний тулд хийх эхний алхам бол би огцрох явдал” гэж хэвлэлийнхэнд хэлсэн байдаг. Тэгээд намынхаа тэргүүний сонгуульд дахин нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ зарласан. Түүний хэлснээр Ерөнхий сайд байхад нь дэгдсэн улс төрийн дуулиан шуугиан ийм шийдвэр гаргахад хүргэсэн аж. “Манай намынхны үүсгэсэн бүх асуудлын хариуцлагыг би өөртөө хүлээнэ” гэж тэрбээр хэлсэн. “Асуудал” гэсэн нь, ЛАН-ын хэд хэдэн гишүүнийг “Нэгдлийн сүм” санхүүжүүлж, хариуд нь 2022 онд Ерөнхий сайд Шинзо Абэг алуурчин буудаж хөнөөсөн билээ. Кишида Ерөнхий сайд болоод хэд хэдэн сайдыг огцруулж, намынхаа зарим улс төрчийг удирдах албанаас нь буулгасан ч нэгэнт ганхсан Засгийн газрын байр суурийг сэргээж чадаагүй юм. 2023 оны аравдугаар сараас 2024 оны зургаадугаар сар болоход Сайд нарын танхимыг дэмжих түвшин 20 хувиас дээшлээгүй. Энэ үзүүлэлт Кишидаг албаа хүлээж авахад 60 хувиас дээш байжээ. Түүнээс гадна Кишидаг Ерөнхий сайд байхад эдийн засаг сайжирсан гэж япончуудын 88 хувь нь үзсэнгүй. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн Япон, Солонгос, Монголыг судлах төвийн эрдэм шинжилгээний ажилтан Владимир Нелидовын үзэж буйгаар Японы шинэ Ерөнхий сайд өмнөх Засгийн газрынхаа гадаад бодлогын залгамж чанарыг, ялангуяа Орос, Хятадтай харилцахдаа хадгална. Тэргүүлэх улс төрчид нь энэ чиг шугамыг баримтлах аж. Түүнчлэн АНУ-тай хамтран ажиллах бодлого нь хадгалагдаж үлдэнэ. Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялбал Япон гадаад бодлогодоо бие даах хэрэгтэй болно гэж Нелидов дүгнэсэн байна.
Парламентын хоёр танхимд олонх болсон ч авлигатай холбоотой хэл аманд өртсөн нам, олон жил зогсонги байснаа шилжилтийн тогтворгүй үед шилжсэн эдийн засаг, дэлхийн тавцанд дипломат аюулгүй байдалд нь заналхийлэл үүссэн улсыг Шигэрү Ишиба хүлээж авч байна. Тэрбээр Ерөнхий сайд агсан Абэгийн бодлогыг шүүмжлэхдээ хүн ам нь хөгширч буйгаас эрсдэлтэй тулгарсан хөдөөгийн районуудыг сэргээхийг эрмэлзэж байв. Ишиба гадаад бодлогодоо зоригтой байр суурь баримталж, Хятад, Умард Солонгосын зүгээс өсөн нэмэгдэж буй аюул заналыг тогтоон барихын тулд Ази өөрийн гэсэн НАТО-той болохыг уриалдаг юм. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг анхааралтай ажиглаж байгаад эргэлзэх зүйл үгүй. Ерөнхий сайд болсонд нь хамгийн түрүүнд баяр хүргэгчдийн нэг нь Японд суугаа Америкийн Элчин сайд байв.
Японы 102 дахь Ерөнхий сайд Шигэрү Ишиба эцэг нь амбан захирагч байсан Тоттори мужид 1957 онд төрж, 1979 онд Кэйо их сургуулийг төгссөн байна. Дараа нь “Mitsui” банканд ажиллав. 2007 оны есдүгээр сараас 2008 оны наймдугаар сард Ясүо Фүкүдагийн тэргүүлсэн Засгийн газарт Батлан хамгаалахын сайд байлаа. 2008 онд ЛАН-ын тэргүүний суудалд өрсөлдөөд Таро Асод ялагдав. Есдүгээр сард Хөдөө аж ахуйн сайдаар томилогдлоо. 2012 онд намынхаа тэргүүн болох гэж даагаа нэхээд Шинзо Абэд өвдөг шороодов. Абэ түүнийг намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга болгожээ. 2014 онд Бүс нутгийн хөгжлийн сайд болов. 2016 онд түүнд Хөдөө аж ахуйн сайдын суудлыг Шинзо Абэ санал болгоход “Ерөнхий сайдын алба хугацаатай, нэгэн цагт дуусдаг. Би дараагийнхад нь бэлтгэх хэрэгтэй байна” гэж хэлээд татгалзсан аж. 2020 онд ЛАН-ын даргын сонгуульд гурав дахь удаагаа өрсөлдөөд гуравт оров. Эцэст нь, энэ оны есдүгээр сарын 27-нд ЛАН-ын даргын сонгуулийн хоёрдугаар шатанд 215 хүний санал авч яллаа. 2000 оноос хойш дөрвөн Ерөнхий сайд төрүүлсэн “Абэгийн фракц” намын хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх хэл аманд холбогдсон нь Ишибагийн энэ ялалтад нөлөөлсөн гэж үздэг хүмүүс бий юм.
Японы бодлого Америкаас аль болох бага хамааралтай байх тухайд Ишиба үзэл баримтлалаа нэг бус удаа хэлж, тухайлбал, Япон дахь цэргийн баазуудаа хэрхэн ашиглаж буйд нь тавих хяналтаа нэмэгдүүлнэ гэж амласан. Түүнчлэн Зүүн Азид цөмийн зэвсэг байрлуулах боломжийг Японд Вашингтон өгөх ёстой гэж үздэг. “Сүүлийн үед арилжаа наймааны асуудалд АНУ холбоотнууддаа шахалт үзүүлэхийг эрмэлзэх боллоо. Ийм шахалт НАТО-гийн орнуудад үзүүлж байсан. Одоо Японд ч ингэж хандаж байна. Энэ нь шударга хандлага гэдэгт би эргэлздэг” гэж Ишиба мэдэгдсэн удаатай.
“Би Владимир Зеленскийг ч, Владимир Путинийг ч хүндэтгэнэ. Гал зогсооход чиглэсэн яриа хөөрөөг үргэлжлүүлэх ёстой. Гал зогсоох, энхийн гэрээ хийхийг алхам алхмаар ахиулах нь зүйтэй. Тайвань НАТО-д элсээгүй төдийгүй Японтой дипломат харилцаа ч тогтоогоогүй. Түүнийг бид яаж хамгаалах вэ. Азид НАТО-гийн хувилбартай болохын төлөө би 20 жил тэмцлээ. Хэн ч сонсохгүй байгаа ч би энэ бодлоо орхиогүй. Украины одоогийн төвөгтэй байдал нь НАТО-д элсээгүйгээс нь үүдэлтэй юм бол Азид ийм бүтэц бий болгохыг би хөндөх ёсгүй гэж үү” хэмээн Ишиба хэлдэг юм. Эдийн засгаа өсгөхийн тулд улсын зардлыг нэмэгдүүлэх хэрэгтэй болохоос биш, татварыг бууруулах нь буруу гэж тэрбээр үздэг.
Намынхаа тэргүүн болсон өдрөө “Хүмүүст итгэж, үнэнийг зоригтой хэлж, энэ улсыг иргэд нь инээж явдаг, аюул осолгүй, найдвартай газар болгохын тулд би боломжтой бүхнийг хийнэ” гэж Ишиба хэлсэн. Тэрбээр 2025 оны арванхоёрдугаар сарын 25-нд болох хууль тогтоох байгууллагын сонгууль хүртэл улс орноо удирдана. ЛАН 1995 оноос Японыг завсаргүй залж иржээ.
Шигэрү Ишиба ЛАН доторх зөрчилтэй хувь хүн гэж үнэлэгддэг. Ажлын туршлагатай, олон түмний хүчирхэг дэмжлэг хүлээдэг ч нам дотроо эсэргүүцэлтэй их тулгардаг, байр суурийг нь дэвшилт гэж үздэг аж. Шинэчлэгч үзлээрээ нэрд гарсан, эрчим хүчээ шинэчилсэн эх үүсвэрт шилжүүлэн, эзэн хааны суудлыг түүний гэр бүлийн эмэгтэй хүн эзлэхийг зөвшөөрсөн хууль гаргах, ижил хүйстнүүд гэр бүл болохыг хуулиар зөвшөөрөхийг дэмждэг юм байна.
Ишибагийн гэргий Ёсико 1956 онд төрсөн, тэд коллежид нэг ангид сурч байхдаа танилцсан. Эднийх хоёр охинтой. Ишиба архаг тамхичин, 2020 онд тамхиа хаяхыг эмч зөвлөсөн ч үр дүнд хүрээгүй. Сонгогчидтойгоо биечлэн уулзахыг илүүд үздэг. 1986 онд парламентын депутат болохоор өрсөлдөхдөө 54 мянган аж ахуйд зочилж, танилцсан гэдэг. 2022 онд Японы парламентын доод танхимын 384 гишүүнийг ОХУ-д нэвтрэхийг хориглоход Шигэрү Ишиба оржээ.