“Эрүүл амьдралын экспо” арга хэмжээ ирэх амралтын өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний үзэл баримтлал, хамрах хүрээ, хэрэгжүүлэх үйл ажиллагааг үндэсний түвшинд танилцуулан сурталчлах зорилгын хүрээнд уг арга хэмжээг зохион байгуулж буй аж. Бүх нийтийн гүйлт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон залуу үеийг спортоор дамжуулан хөгжүүлэх, олон нийтийг эрүүл амьдралын хэв маягт уриалах замаар тэгш хүртээмжтэй нийгмийг бүрдүүлэх зорилготой юм. Бүх нийтийн гүйлтийг “Дүнжингарав”-Хүннүгийн зам-Улиастайн гүүр-“Дүнжингарав” гэсэн маршрутын дагуу зохион байгуулах нь.
Сонирхуулахад, “Хайрхан” клубээс зургаа дахь жилдээ зохион байгуулсан, Г.Барсболд агсны нэрэмжит уулын эрчимт алхалтын УАШТ-д оролцогчид Манзушир-Дашийн хад-Зайсан чиглэлд 22.3 км зам туулан өрсөлдөв. Aялагч, алхагчдын 29 клубийнхэн үүнд оролцсоноос “Монголын элит гүйгчид” клубийнхэн түрүүлж, аварга болов. Тэдэнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдсөн “Актив 1”-ийнхэн удаалж, “Мөрдэстэй алхагчид”, “Армийн соёмбо 1” багийнхан III байр эзлэв. “Монголын элит гүйгчид”-ийнхэн замаа хоёр цаг 29 минут 18 секундэд туулж, бусдыгаа хошуучилжээ. Араас нь нэхсэн “Актив 1”-ийнхэн цагийн хол зөрүүгүй хурд сорьж, хоёр цаг 30 минут 10 секундэд барианд орсон байна. “Армийн соёмбо 1” багийн эл тэмцээнд анх удаа оролцохдоо хоёр цаг 33 минут дөрвөн секундэд уралдааны замаа өндөрлүүлэв.