УИХ-ын сонгуульд ялсан намын пиарын багт ажилласан, “зүтгэсэн” хүмүүс дараа нь албан тушаал, бас бус зүйлээр шагналаа авдаг жишиг бий. Мөн хандиваа өгчихсөн ч нэр дэвших эрх олж авч чадаагүй, эсвэл чадсан хэдий ч сонгогдоогүй хуучин улс төрчид хоосон хоцрохгүй. Нам нь ялна гэдэг эрх мэдэл, албан тушаалаа хуваарилна гэсэн үг. Сонгууль бүрийн дараа төрийн албанд халаа сэлгээ өрнөж, ур чадвар, туршлага гэхээс илүү танил тал, ах дүү, намын гишүүдээсээ томилдог нь уламжлал болжээ. Яам, агентлагуудын газар, хэлтэст иймэрхүү томилгоо хэдийн эхэлсэн. Сонгуульд өрсөлдөх, эсвэл пиар, арын багт ажиллахдаа хүмүүсийн тавьдаг болзол өөр өөр. Нэр дэвших эрх олж авахын тулд гишүүд нь намдаа тодорхой хандив өргөж, мөнгөний босго давах ёстой. Мөнгийг нь авчихсан учраас хариуг нь барих хэрэгтэй болно. Тэгэхээр ялсан намын дарга “боломжоо” харж байгаад хуваарилна. Гомдлыг нь барагдуулж, хариуг нь барьж л байвал ур чадвар, туршлага, тухайн ажил урагштай явах, иргэдийн амьдралд хэрэгтэй шийдвэр гаргах, эсэх бол жагсаалтын хойгуур бичих асуудал болдог аж.
ХУУЧЧУУЛ ТОМ АЛБАН ТУШААЛ Л СОНИРХОНО
УИХ-ын гишүүн, сайд байсан хуучин улс төрчид хэрэв сонгуульд нэр дэвших эрх авч чадаагүй бол тэдэнд хэдийн нэг бэлэг бэлдсэн, үүн дээрээ тохирсон гэсэн үг. Өнгөрсөн сонгуулиар МАН олон нийтэд нэр хүнд муутай, гэмт хэрэг, ёс зүйн асуудалд орооцолдсон, эсвэл хэт олон удаа сонгогдсон УИХ-ын гишүүдээ нэр дэвшүүлээгүй. Тухайлбал, УИХ-ын гишүүнээр тасралтгүй зургаан удаа ажилласан Н.Энхболд 2024 оны сонгуульд нэр дэвшихгүй нь аль дөрөвдүгээр сард тодорхой болсон. Түүнийг БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар гишүүний бүрэн эрх нь дуусаагүй байхад томилсон юм. Улмаар өнгөрсөн сараас ажлаа хүлээн авчээ. Мөн ЭСЯ-наас БНХАУ-ын дэд дарга Хань Жөнийн Монгол Улсад хийсэн айлчлалыг зохион байгууллаа. Туршлагатай, нэр цэвэр улс төрч учраас түүнийг Элчин сайдаар томилогдоход дургүйцэх хүн гараагүй. Гэхдээ мэргэжлийн дипломатч очих ёстой Элчин сайдын албан тушаал хуучин улс төрчдийн шагнал болоод удаж буй нь нууц биш.
Мөн УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй гишүүдийнх нь нэг Ц.Мөнх-Оргилыг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Элчин сайдаар томилох гэж байгаа тухай мэдээлэл цацагдсан. Гэвч тэрбээр энэ мэдээллийг үгүйсгэсэн билээ. Элчин сайдаар томилох тухай яриа гараагүй, санал ирсэн ч хүлээж авахгүй гэсэн нь үнэн байсан аж. Түүнийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ахлах зөвлөхөөр томилсон юм байна. Тэд УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүйн хариуд ийм тохиролцоо хийсэн байх нь.
Тэгвэл өнгөрсөн дөрвөн жилд УИХ-ын даргаар ажилласан Г.Занданшатар Баянхонгор аймагт нэр дэвшсэн ч иргэд түүнийг сонгоогүй. Түүний сонгуулийн штабын ухуулагч эсрэг намын хүний аминд хүрсэн нь ийнхүү ялагдахад нь нөлөө үзүүлсэн гэдэг. Юутай ч энэ эрхэм хоосон хоцорсонгүй. Сонгууль дууссанаас хэдхэн өдрийн дараа л Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилогдов. Албан тушаал нь бэлэн, яагаад ч зөөлөн сэнтийгээс буухгүй гэсэн үг.
Дээрхийн адил шагнал хуваарилах үйл явц 2020 оны сонгуулийн дараа мөн болсон юм. УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшинийг ОХУ, Л.Болдыг Бельгийн Хаант Улс, Барилга, хот байгуулалтын сайд асан Г.Мөнхбаярыг Бүгд Найрамдах Турк Улсад Элчин сайдаар, УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирыг Япон Улсын Осака, Барилга, хот байгуулалтын сайд асан Б.Мөнхбаатарыг АНУ-ын Сан Франциско хотод суух Ерөнхий консулаар, УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданыг Австрали улсад суух элчин зөвлөхөөр тус тус томилсон юм даг. Тэр үед Д.Лүндээжанцан гуай УИХ-ын даргын, Ц.Нямдорж гуай Ерөнхий сайдын зөвлөх болсон. Эдгээр ахмад улс төрч сонгуульд нэр дэвшилгүй, зайгаа тавьж өгсний хариуд ийм албан тушаалд томилогдож байлаа. Парламентад хамгийн олон буюу долоо дараалан сонгогдсон “рекорд”-ыг тэд эзэмшдэг.
ТӨЛӨВШӨӨГҮЙ, ЁС ЗҮЙГҮЙ ЗӨВЛӨХ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн залуусын бодлого хариуцсан зөвлөх Б.Гантулга буюу Секскцагаанбогд нэртэй уран бүтээлчийн зохисгүй, буруу үйлдэл өнгөрсөн өдрүүдэд олон нийтийн анхааралд өртлөө. Монгол Улсын Ерөнхий сайд сонгуулиар өөрийг нь дэмжин, нэр нүүрээ түүний төлөө “золиосолсон” нэгнийг залуусын бодлого хариуцсан зөвлөхөөрөө томилж, хариугаа барьсан нь энэ. Тухайн үедээ Сексцагаанбогдыг хэдэн зуун сая, бараг тэрбум төгрөгөөр тоологдох төлбөр авсан хэмээн шуугьж байсан юм. Ямартай ч тэр шагналаа авчээ. Гэвч найз бүсгүйдээ хүч хэрэглэн, элдвээр харааж буй зохисгүй бичлэг нь олон нийтэд цацагдсаны дараа түүнийг уг өндөр албан тушаалаас нь болиулна гэсэн хүлээлт байсан. Харамсалтай нь, Ерөнхий сайд тийм зүйл хийсэнгүй. Эсрэгээрээ, уучлал гуйсан бичлэгийг нь нийгмийн сүлжээнд түгээлгэж, өмгөөлж хамгаалав. Сонгуулиар МАН-ын талд мэдээлэл бичиж, “жиргэж” байсан хүмүүс бараг адил тайлбартайгаар түүний бичлэгийг түгээсэн нь ингэж ойлгоход хүргэж буй хэрэг. Ёс зүй гэх мэт улиг болсон зүйл биш, олон нийтийн өмнө өөрийг нь улаан нүүрээрээ хамгаалан дэмжих “үнэнч зан” нь л Ерөнхий сайдад чухал бололтой. Б.Гантулга “Эмэгтэй хүнд гар хүрсэн нь хамгийн буруу үйлдэл учраас чин сэтгэлээсээ гэмшиж байна. Төрийн албан хаагч хүн атлаа зохисгүй, муухай үйлдэл гаргасандаа уучлал хүсье. Дахин ийм алдаа гаргахгүй” хэмээв. Найз бүсгүй нь ч хамт сууж байгаад сайдаж, муудсан харилцаатай ч бие биеэ зоддоггүй учраас бусад нь зүгээр гэсэн агуулгатай тайлбар хийх нь тэр. Ингээд л болчихсон. Сексцагаанбогд Монгол Улсын Ерөнхий сайдад үргэлжлүүлэн зөвлөхөөр үлдэж байна. Гэвч иймэрхүү төлөвшөөгүй, ёс зүйгүй хүн Засгийн газрын тэргүүнд яг юу зөвлөх бол.
Сонгуулиар эрх баригч намын пиарын багт ажилласан өөр нэг хүн бол С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой цуврал нэвтрүүлгийг хөтөлсөн Ч.Содбилэг хэмээх залуу. МАН-ынхан сонгууль бүрээр л С.Зориг агсны хэргийг сөхөж, үүгээр пиар хийдэг. Сүүлийн найман жил дараалж үнэмлэхүй олонхоор эрх барьсан тэдний хувьд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн амьдрал доройтсонд АН буруутай болж таардаг юм. Улмаар С.Зоригийн амийг хөнөөсөн хэмээн гурван шатны шүүхээс ял авсан хүмүүсээс ярилцлага авч, үндэсний телевизээр цацсан. Мөн 26 жил чимээгүй явсан С.Зориг агсны эхнэр Б.Булганаас дээрх залуу ярилцлага авсан. Мэргэжлийн сэтгүүлч биш, түүхч хүнийг МАН-ынхан сонгож, нэвтрүүлгүүдээ хөтлүүлсэн байдаг. Тэгвэл тэр ч бас шагналаа авсан. Одоогоос нэг сарын өмнө түүнийг БНАСАУ-д Монгол Улсаас суух Элчин сайдын яамны дипломат ажилтнаар томилсон юм. Тэрбээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Үг, илтгэл бичих хэлтсийн даргаар ажиллаж байгаад ийнхүү томилогдсон юм.
НАМАА ДАГАВАЛ ӨЛСӨХГҮЙ
МАН хэдийгээр гурав дахь сонгуульдаа олонх болсон ч зарим албан тушаалд халаа сэлгээ хийж буй аж. Үүнд нь байнга л ямар нэг даргын албанд томилогдож байдаг ч хийсэн ажил нь тодорхой харагддаггүй хүмүүсээс багтаж байна. Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар мисс Ё.Нямжавыг томилжээ.
Уг албан тушаалыг МАН-ын бүсгүйчүүд эзэмшдэг гэхэд болно. 2020 оноос өнөөг хүртэл ИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул дөрвөн жил уг албыг хашсан. Тэрбээр эдүгээ нийслэлийн ИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж буй учраас орны хүнийг нь томилсон бололтой юм. Мисс тодотголтой дээрх бүсгүй сэтгүүлч мэргэжилтэй, гэхдээ нам дагаж албан тушаал горилсоор удав. Тэрбээр ГХЯ-ны Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын захирал, Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул зэрэг ажлыг хийж байсан. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Ё.Нямжав Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихийг хүссэн ч мандат олдоогүй гэх. Өөрөөр хэлбэл, гомдож туньж үлдсэн хүмүүсийн нэг байх нь. Түүний гомдлын хариуд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлын албан тушаалыг санал болгосон бололтой.
Мөн парламентын сонгуульд хүч үзээд бараагүй зарим хүн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байна. Нэг талаар бас л бэлэг, шагнал гэсэн үг. Энэ жишиг МАН-аас бусад намд үйлчилж буй юм. Учир нь УИХ-ын сонгуульд нэр дэвшээд ялагдсан хүмүүсээс хотын ИТХ-д сойгоогүй хэмээн нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн. Гэхдээ тэдний нэр дэвшигчид дотор УИХ-ын сонгуульд өрсөлдөх гэсэн ч мандатаа авч чадалгүй “гомдож” үлдсэн дээрхийн адил хүмүүс бий. Үүний нэг нь “Монголын хөрөнгийн бирж”-ийн гүйцэтгэх захирал асан Х.Алтай юм. Тэрбээр сонгуульд нэр дэвших зорилгоор 2024 он гарахаас өмнө ажлаа өгөөд байв. Одоо бол Сүхбаатар дүүргээс нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж буй.
Ийнхүү МАН-ын шинэ, хуучин улс төрчид, эмэгтэйчүүд залуусын төлөөлөл намаа дагаад амаа тосдож явна. Сонгуулиар пиарын багт нь ажиллаж, олны шүүмжлэлийг үл тоон “зүтгэсэн” залуус ч албан тушаалд томилогдлоо. Орон нутгийн сонгууль удахгүй болно, халаа сэлгээ, танил тал, шагналын хуваарилалт үргэлжилнэ. Эрх баригч намыг дагасан хүмүүсийн амьдрал сайжирдаг юм байж. Эгэл жирийн иргэд бидний ахуйг өөд татахад харин хэн анхаарах вэ.
С.ТУУЛ