Өнгөрсөн долоо хоногт Лас Вегас хотноо дэлхийн шилдэг хакерууд цугларч, 2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглагдах санал хураах машиныг хакердахыг оролджээ. Энэ тухай Politico мэдээлэв.
Жил бүрийн наймдугаар сард зохиогддог хакеруудын хамгийн том чуулган болох DEF CON-ийн оролцогчид сонгуулийн санал өгөх төхөөрөмжийн аюулгүй байдлын сул талыг илрүүлэхэд тусалдаг аж. Тэдний илрүүлсэн сул талыг засахад цаг хугацаа шаардсан нэлээд төвөгтэй үйл явц болдог гэнэ.
Харин энэ онд илэрсэн аюулгүй байдлын асуудлууд ирэх 11-р сарын 5-нд болох ерөнхийлөгчийн сонгууль эхлэхээс өмнө засаж, залруулж амжихгүй байх вий гэсэн болгоомжлол төрүүлсэн байна. DEF CON-ийн зохион байгуулагчдын нэг Кэтрин Терранова " Чуулганд оролцогчид санал хураалтын системийн аюулгүй байдалд олон асуудал байгааг илрүүлсэн. Цаг хугацааны хувьд аливаа бодит, том, системчилсэн өөрчлөлтийг хийхэд хэцүү, ялангуяа сонгууль болоход ердөө 90 хоног үлдсэн байхад" гэжээ.
Мөн энэ жилийн DEF CON-ийн албан ёсны мэдэгдэлд "Чуулганы зохион байгуулагчид олон жилийн турш аюулгүй байдлын зөрчлийг илрүүлж байгаа ч сонгуулийн төхөөрмж нийлүүлэгчид асуудлыг засах дорвитой арга хэмжээ авахгүй байгаад сэтгэл дундуур байна" гэж онцолсон байна.
Өмнө нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын сонгуулийн штабын дотоод интернэт сүлжээнд үл мэдэгдэх хакерууд халдлага үйлджээ. Хакерууд АНУ-ыг дайсагнасан гадаадын эх сурвалжийн хэд хэдэн баримт бичигт нэвтэрсэн гэж Трампын багийн төлөөлөгч Стивен Чунг тодруулсан юм.