УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр хуралдаж, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн эхний хэлэлцүүлгийг хийж, мөн үүнтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэхийг шийдэв. Энэ үеэр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг орвонгоор нь өөрчилж, суурь зардлаас Засгийн газрын үнэт цаас болон гадаад өр, зээлээс санхүүжих зардлыг хасаж, хамааралгүй болгосон, хяналтаас гаргасан тухай маргаан өрнөсөн юм.
Гишүүн С.Ганбаатар: -“Нэгдсэн төсвийн суурь зарлага гэж нийт зардлаас үнэт цаас болон гадаад зээлээс санхүүжих зардлыг хасаж тооцсон дүнг хэлнэ” гэсэн заалт чинь маш том эрсдэл дагуулна. Засгийн газрын зээлийн жилийн өсөлтийг хяналтаас гаргаж байна. Үүндээ тайлбар өгнө үү?
Б.Жавхлан (Сангийн сайд): -Та парламентад олон удаа сонгогдсон, хариуцлагатай улс төрч шүү. Засгийн газрын гадаад өрийг зарлагад оруулж тооцохгүй гэдэг ойлголт байхгүй. Зардлын суурь хязгаар тооцох аргачлалд нь өөрчлөлт оруулж байгаа юм. Түүнээс биш, төсвийн тэнцлээс гадуур бүртгэхгүй. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагын 4.1.4 дээр “Засгийн газрын өр 60 хувийн хязгаартаа багтах ёстой” гэсэн заалт хэвээр бий. Өчигдрөөс эхлээд над руу, Засгийн газар руу дайрсан учраас яагаад ийм заалт оруулж ирсэн үнэнийг хэлье. Ноцтой зүйл бий. Өмнөх парламентын Төсвийн байнгын хорооны санаачилгаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, үүнийг нь УИХ өнгөрсөн зургаадугаар сарын 5-нд баталсан. Засгийн газраас дөрөвдүгээр сард нь санал авах үед бид дэмжихгүй гэдгээ хэлсэн. УИХ-аар хэлэлцэх үедээ санал аваагүй заалтууд нэмж оруулж ирээд батлуулсан. Эцэст нь төсвийн тогтвортой байдлын дөрвөн гол дүрмийн хоёр нь байхгүй, ямар нэг өрийн хязгааргүй, тэнцэл нь ч алдагдлын хязгааргүй болгочихсон байсан. Үүнийг “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хууль нь нийтлэгдсэний дараа буюу төсвийн тодотгол өргөн барихын өмнө бид мэдээд, засаж оруулж ирсэн юм. Өрийн хэмжээ ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй гэдэг заалтыг авсан байсныг буцааж оруулсан. Мөн тэнцвэржүүлсэн тэнцэл -2 оос хэтрэхгүй гэснийг хассаныг +2 болгон сайжруулж, тодотголоор өргөн барьсан.
Гишүүн Б.Цогтгэрэл: Төсвийн тодотголд орлого нэмэгдсэн гэсэн тайлбартайгаар зарлагыг гурван их наяд төгрөгөөр нэмэхээр оруулж иржээ. Төсвийн хүрээний мэдэгдлийг харахад өрийн хязгаарын ДНБ-д эзлэх тоо 38.5 их наяд төгрөг болгож, сүүлийн 10 жилд байгаагүй түүхэн өндөр тоонд хүргэсний учир юу вэ?
Б.Жавхлан: Энэ бол төсвийн хүрээний хязгаар шүү дээ. Хязгаар бол гүйцэтгэл биш. ДНБ тэлэхийн хэрээр суурь зардлын хязгаар буюу боломж, харьцуулсан тоонууд нь нэмэгдэнэ. Түүнээс энэ хязгаарт хүргэж зээл ав, өр тавь гэсэн үг биш. Нэг ам.долларын зээл авах байсан ч УИХ-аар батална, та бүхэн шийднэ. Машинаар бол даац нь нэмэгдэж буй юм. Сүүлийн таван жилд орлогын төлөвлөлт дээр бид огт алдаагүй, дандаа давж биелж байгаа. Энэ жил төсвийн орлого гурван их наяд төгрөгөөр давахаар байгаа учраас эл хэмжээгээр бүтээн байгуулалтын ажлын суурь, бэлтгэлээ ондоо багтаад эхлүүлье гэсэн юм. Зөвхөн бүтээн байгуулалтын ажилд зарцуулна, цалин, тэтгэвэр нэмэх гээгүй. Ээлжит бус чуулган эхэлснээс хойш өрнөсөн эл маргаанд Сангийн сайд Б.Жавхлан ийм тайлбар хийж, өмнөх “нууц”-ыг илчлэв. Тэрбээр “Ийм ноцтой өөрчлөлтийг баталснаа олонх УИХ-ын гишүүн анзаараагүй” гэлээ.