Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан “Чингис хаан” үндэсний музейд “Халхын гол-85 жил” үзэсгэлэнг өчигдөр нээлээ. Ирэх сарын 16 хүртэл үргэлжлэх хамтарсан үзэсгэлэнд Монгол Улс, ОХУ-ын төрийн архив болон музейн сан хөмрөгт хадгалж буй баримт, эд өлгийн биет үзмэрийг дэлгэжээ. Тухайлбал, Халхын голын байлдааны үйл явдлын тухай гадаадын хэвлэл мэдээллийн тойм, Япон, Манжгогийн зүгээс “Эрэлхэг Чингис хааны хүү баатар монголчууд” гэсэн нэрээр Монгол ардын хувьсгалт цэрэгт хандаж гаргасан ухуулах хуудас зэрэг 85 баримт, 85 гэрэл зургийг толилуулж буй. Мөн Монгол цэргийн музейн сан хөмрөгөөс Халхын голын дайны үед хэрэглэж байсан Монгол, Зөвлөлтийн цэрэг дайчдын дүрэмт хувцас, буу зэвсэг, дайны талбайд ажиллаж байсан сувилагчийн багаж хэрэгсэл, Японы армийн зэвсэг, хэрэгсэл, хээрийн олдворын 170 баримт, гэрэл зураг, 100 гаруй эд өлгийн үзмэр үзүүллээ.
Залуу хойч үе, ард иргэдэд түүхэн үйл явдлыг танин мэдүүлж, эх оронч үзлийг төлөвшүүлэх, сурталчлах зорилгоор үзэсгэлэнг дайны оршил үе, өрнөл, үйл явц, төгсгөл, сургамж гэсэн дөрвөн хэсэгт хуваан толилууллаа. Цэргийн статистикийн судалгаагаар Халхын голын дайны явцад 101 томоохон тулаан болсныг тогтоожээ.
Монгол цэргийн музейн захирал Д.Ганзориг “Түүхийг гэрчлэх зүйл бол тухайн үеийн гэрэл зураг, баримт бичиг, эд өлгийн зүйлс байдаг. “Халхын гол-85 жил” үзэсгэлэнг ОХУ-ын Цэргийн төв архив, Монгол Улсын Архивын ерөнхий газар, Батлан хамгаалахын төв архив, Дорнод аймгийн Халхгол сумын “Ялалт” музей хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнд 1939 оны үеийн Монгол Улсын нөхцөл байдал, Халхын голын байлдааны өрнөл, үйл явц, төгсгөл, түүхэн сургамж зэргийг багтаахыг зорилоо. 100 гаруй эд өлгийн үзмэрийн дотор урьд нь олон нийтэд үзүүлж байгаагүй, япон нисгэгчийн бугуйн цагны үлдэгдэл, алтан шүд зэрэг зүйлс багтаасан нь та бүхэнд сонирхолтой санагдах биз ээ. ОХУ-ын Батлан хамгаалахын төв архиваас түүхэн 56 олдвор, баримт ирүүлсэн. Монгол цэргийн музей, “Чингис хаан” үндэсний музей хамтран анх удаа олон түмэнд нээлттэй үзэсгэлэн зохион байгуулж байна” гэв.
Монгол цэргийн музейн Эрдэм шинжилгээ, сан хөмрөгийн албаны дарга, эрдэм шинжилгээний ажилтан А.Ганганчимэг “Тухайн үеийн дайнд эр цэргүүдээс гадна эмэгтэйчүүд чухал хувь нэмэр оруулсан. Дорнод аймгийн Баянтүмэн сумын 30 эмэгтэй Халхын голын дайнд оролцох саналаа өгсөн байдаг. Түүнээс 15-20 насны 16 эмэгтэй Тамсаг булгийн цэргийн эмнэлэгт ирж хоёр нь сувилагч, үлдсэн нь туслах ажилтны үүрэг гүйцэтгэж байсан. Тэд 128 хоногийн турш тэнд байрлаж дайнд үнэтэй хувь нэмрээ оруулсан. Хоёр сувилагчийн нэг болох Ц.Чимэдцэрэн гуай энэхүү арга хэмжээнд хамгийн хүндэт зочин болж оролцож байна” гэлээ.
Ц.Чимэдцэрэн гуайн бага охин Б.Цэцэгбат “Миний ээж Хэнтий аймгийн Балж хэмээх газар төрсөн. Дайны үеэр 15 настай байжээ. Тухайн үеийн Баянтүмэн, одоогийн Чойбалсанд охидын сургуулийн найз нараа уриалж, дайнд оролцохоор үхэр тэргээр долоон хоног явж очсон тухайгаа бидэнд ярьдаг. Ээж минь дайны дараа ч тус эмнэлэгт үргэлжлүүлэн ажилласан. Энэ арга хэмжээнд ээжийнхээ хамт ирсэндээ сэтгэл өндөр байна” гэлээ.