Түүнийг дэлхийн кино урлагийн хамгийн царайлаг эр гэж нэрлэдэг байв. Хүмүүс түүнд дурлаж бас атаархдаг байсан. Хэтэрхий дур булаам гэсэн үндэслэлээр кинонд тоглуулахаас татгалзаж байсан удаа бий. Гэвч тэрээр дэлхий даяар нэрээ дуурьсгаж, агуу Висконти, Антониони, Годар нарын бүтээлүүдэд дүрээ мөнхөлсөн. Түүний тоглосон кинонууд дэлхийн кино урлагийн эрдэнийн сан хөмрөгт багтдаг юм.
Наймдугаар сарын 18-ны ням гарагт Францын бахархал болсон жүжигчин найруулагч Ален Делон ертөнцийн мөнх бусыг үзүүлэв.
“Түүний хүүхдүүд болох Ален-Фабьен, Анушка, Энтони болон Лубо /нохой/ нар эцгээ нас барсныг маш их гунигтайгаар зарлаж байна. Тэрээр Души дахь гэртээ, гурван хүүхэд, гэр бүлийнхнийхээ дунд тайван нойрслоо” гэж гэр бүлийнхэн нь “France-Presse” агентлагт өгсөн мэдэгдэлдээ дурджээ.
Ален Делон 88 настай байв.
Тэрбээр 1935 оны арваннэгдүгээр сарын 8-нд Парисын захын Ско хотод төрсөн..
Ирээдүйн жүжигчнийг гуравхан настай байхад эцэг эх нь салсан байна. Удалгүй ээж нь нэгэн нядалгааны дэлгүүрийн эзэнтэй гэрлэж, харин Ален хүүхэд насаа асран хүмүүжүүлэх гэр бүлд өнгөрөөжээ.
Эрдэм номд сурах нь түүний хийх зүйл биш байв. Делон хэтэрхий дураараа , дүрсгүй сурагч байсан тул хэд хэдэн дотуур байрнаас хөөгдсөн байдаг. Сүүлийн дотуур байрнаас өөрөө зугтаад удалгүй баригдсан аж.
Үүний дараа хойд эцэг нь түүнийг дэлгүүртээ туслах ажилтнаар ажилд авсан бөгөөд 14 настай Ален Делон хиам үйлдвэрлэгчийн ур чадварыг эзэмшжээ. Тэр ч байтугай энэ мэргэжлээр мэргэжлийн гэрчилгээ авч чадсан юм.
Делон 17 настайдаа Францын Тэнгисийн явган цэргийн ангид элсэж Энэтхэг-Хятадын бүс нутагт /Францын колони байсан бүс/ дайтаад амжжээ.
Тэрбээр нөгөө л муу зан авираасаа болж дайны бүс нутагт руу томилогджээ. Лес Борметтес цэргийн дохионы сургуульд радио төхөөрөмж хулгайлж байгаад баригдсан учир ийнхүү шийтгэлийн журмаар дайнд явсан нь энэ.
Тэнд очоод ч бас томоожоогүй байна. Дайны төгсгөлд тэрээр машин хулгайлж, эвдсэн хэргээр саатуулагджээ.
Ийнхүү 20 насныхаа төрсөн өдрийг Делон шийтгэлийн байранд өнгөрүүлсэн аж.
Гэхдээ цэрэгт байхдаа олж авсан ур чадвар нь "Алга болсон суман" кинон дээр ажиллахад нь их хэрэг болсон гэдэг.
Делон 1956 оны 5-р сард Францад буцаж ирсэн бөгөөд тэр мөчөөс эхлэн түүний Парисын амьдрал эхэлсэн.
Пигалльд /Парисын улаан дэнлүүний гудамж/ хямдхан өрөө түрээсэлж, зочид буудлын хаалгач, зөөгч, дэлгүүрийн худалдагчаар ажиллажээ.
Тэрбээр Парисын соёл урлагийн хүмүүсийн дунд шинэ найз нөхөдтэй болж, тэд нар нь Делоныг дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй наадам болох Каннын кино наадамд дагуулан иржээ. Тэнд л түүнийг продюсерууд анзаарав.
Түүний анхны бүтээл бол “Quand la femme s’en mêle” (“Эмэгтэй хүн хөндлөнгөөс оролцох үед”) киноны дүр. Харин 1958 онд тэрбээр тухайн үед өөртэй нь адилхан залуу байсан Жан-Пол Белмондотой "Үзэсгэлэнтэй байж, чимээгүй бай" мөн Роми Шнайдертай "Кристина" гэдэг хоёр ч кинонд тогложээ.
Энд Делон үзэсгэлэнт Роми Шнайдертай зургаан жил үргэлжлэх хайр дурлалын түүхээ эхлүүлсэн юм. Тэрбээр амьдралынхаа туршид олон эмэгтэйтэй тэгэхдээ дандаа хамгийн үзэсгэлнтэй дур булам эмэгтэйчүүдтэй нэр холбогдож байсан ч . Роми Шнайдер түүний сэтгэлд хамгийн тод, хамгийн ээдрэтэй, хамгийн эмэгнэлтэй мөрийг үлдээжээ.
Делон 1959 онд бүтээгдсэн “Сул эмэгтэйчүүд" киноны гол дүрээр олонд танигдаж эхэлсэн. Харин агуу Лучино Висконтигийн найруулсан "Рокко ба түүний ах нар" кинонд тоголсноор тэрбээр дэлхийн кино урлагт тамгалагдсан юм.
Делон Холливудад уригдаж эхэлсэн боловч хачирхалтай нь түүний карьер Европ дахь шигээ төдийлөн амжилтад хүрээгүй.
Үүний гол шалтгаан нь тэрбээр англиар хангалттай ярьж чаддаггүй байв. Делон энд ч юм сурах дургүй зангаа орхиогүй аж.
1967 онд тэрээр Европ руу буцаж ирээд Жан-Пьер Мелвиллийн "Самурай" кинонд ухаантай, нарийн төвөгтэй сэтгэхүйтэй алуурны дүрийг бүтээжээ. Делоны бүтээсэн энэ дүр дэлхийн кино урлаг дахь хөлсний алуурчны дүрд ихээхэн нөлөөлсөн юм.
Делон гэмт хэргийн ертөнцтэй зөвхөн кинон дээр төдийгүй амьдрал дээр ч холбогдсон байдаг. Тухайлбал тэрбээр 1968 онд түүний найз, бие хамгаалагч Югослав гаралтай Стеван Марковичийг хөнөөсөн хэргээр цагдаад байцаагджээ. Парисын жиг жуг яриагаар бол энэ хэрэгт Делон өөрөө төдийгүй бараг Ерөнхий сайд асан Жорж Помпиду оролцсон гэх боловч өнөөг болтол эл хэрэг тайлагдаагүй юм.
Тэрбээр олон гангстер найзтай байсан. Тэдгээрийн нэг бол Марселийн бааранд 10 хүний амь үрэгдсэн аллага, мөн улс төрч Франсискагийн аллагатай холбоотой алдарт Гаэтано Зампа аж.
1970 онд Ален Делон нэгэн ярилцлагадаа: "... магадгүй та нар олон зүйлийг ойлгохгүй байх. Энэ бол гарал үүсэлтэй холбоотой зүйл. Би өөрөө Корсик хүн бөгөөд эл нутгийн хүмүүс нэр төр шударга ёсны сэтгэл өнөөг хүртэл их өндөр хэвээр байна. Би найзынхаа хийсэн зүйлд санаа зовохгүй байна. Хүн бүр өөрийнхөө үйлдлийн төлөө хариуцлага хүлээдэг. Миний найзуудын ихэнх нь дээрэмчид...бид намайг жүжигчин болохоос өмнө найзууд байсан" гэжээ.
Мөн энэ оны эхээр жүжигчний гэрээс бүхэл бүтэн зэвсгийн агуулах олдсон гэх мэдээ хэвлэлээр цацагдсан. Францын цагдаа нар 72 ширхэг галт зэвсгийг хураан авсан бөгөөд нэг нь ч зөвшөөрлийн бичиггүй байжээ.
Делон амьдралдаа илэн далангүй, хэлэх гэсэн юмаа хэлчхэдэг шулуун хүн байсан бөгөөд заримдаа түүний мэдэгдэл нь дуулиан шуугиан дагуулах нь цөөнгүй.
2013 онд Францад хуульчилсан ижил хүйстний гэрлэлтийг эсэргүүцсэн, цаазаар авах ялыг халж байгаад харамсаж буйгаа илэрхийлсэн байдаг.
Тэрээр хэт барууны үзэлтэй Үндэсний фронтыг олон нийтийн өмнө хамгаалж, 2014 оны орон нутгийн сонгуульд тус нам амжилттай оролцож байхад нь үүсгэн байгуулагч Жан-Мари Ле Пен рүү залгаж баяр хүргэж байжээ.
Ален Делоны гэр бүлийн амьдрал сүүлийн жилүүдэд нэлээн шуугиан тарьж сүүлдээ эмгэнэлт явдал болж хувирсан юм.
Делон хоёр өөр эмэгтэйгээс гурван хүүхэдтэйгээс гадна Германы рок дуучин Нико (Velvet Underground-ын гишүүн) түүний нэг хүүхдийг төрүүлсэн гэх ч жүжигчин эр түүнийг хүүхдээ гэж огт хүлээн зөвшөөрөөгүй юм. Тэр залуу хар тамхинд донтож, 2023 онд нас баржээ.
2024 оны эхээр өөрийнх нь хүүхдүүд /хоёр хүү нэг охин/ бие биедээ гомдсон сэтгэлээ олон нийтийн сүлжээгээр хуваалцаж эхлэв. Тэрхүү гомдлоо илэрхийлэхдээ тэд доромжлолын үгийг хайр найргүй хэрэглэж, шүүхийн нэхэмжлэлийг ч үл тоон, нууцаар бичигдсэн яриануудыг дэлгэж, эцгийнхээ эрүүл мэнд, танин мэдэхүйн чадварын талаарх мэдээллийг нуун дарагдуулсан гэж бие биеэ буруутгаж байсан. Делон 2019 онд цус харваж Парисаас 120 км-ийн зайд орших Соул эдлэнд тусгаарлагдсан амьдралаар амьдарч байжээ. Жүжигчин тэндээ л нас барсан аж.
Энэ бүхнээс залхсан мөн өөрийн эрүүл мэндийн байдлаас болж Делон эвтаназийн аргаар /өөрийн хүсэлтээр үхлийн тун тариулах/ нас барахыг хүсэх болжээ. Түүнд хүслийг нь биелүүлнэ гэж амласан ч эвтаназийг хийгээгүй байна.
Царайлаг эр, эмэгтэйчүүдийн сэтгэлийг эзэмдэгч, авьяаслаг жүжигчин Ален Делон нас барах хүртлээ Франц болон Европын кино урлагийн бэлгэ тэмдэг хэвээр байсан юм..
Түүний авьяас, дур булаам, бусдыг өөртөө татах байдал, хамгийн ээдрээтэй дүрүүдийг өөртөө шингээж, дүр бүрээ өвөрмөц болгох чадварынхаа ачаар Делон амьд ахуйдаа дэлхийн кино урлагийн домог, сая сая үзэгчдийн үлгэр дуурайл, шүтээн болсон юм.
“Ален Делон агуу дүрүүдийг бүтээснээрээ дэлхийг тэр чигт нь мөрөөддөг болгосон. Түүний мартагдашгүй дүр төрх, царай бидний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн билээ. Уйтгар гунигтай, алдртай, бас нууцлаг тэрбээр од гэхээсээ илүү Францын дурсгалт хөшөө байсан” гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өөрийн цахим хуудастаа бичжээ.