Курск мужийн хил орчмын 28 суурин газар амьдардаг оршин суугчидтай холбоо тасарсан тухай мужийн эрх баригчдийг иш татан BBC мэдээлэв
Сураггүй болсон хүмүүсийн дийлэнх нь өндөр настнууд байна. Энгийн оршин суугчдаас гадна тус бүс нутгийн хил дээр алба хааж байсан хугацаат цэргийн албан хаагчидтай ар гэрийнхэн нь холбоо барьж чадахгүй байгаа аж.
Курскийн "LizaAlert" эрлийн баг сүүлийн өдрүүдэд сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх 200 гаруй хүсэлт хүлээн авсан гэж мэдэгдэв. Голдуу Украины талаас хамгийн түрүүнд халдлагад өртсөн Курск мужийн Сужанский дүүргээс хүсэлт иржээ.
Сураггүй алга болсон хүмүүсийн хамгийн залуу нь 11 сартай, хамгийн ахмад нь 101 настай гэж “LisaAlert” мэдээлэв. Мэдээнд дурдсанаар нэг өргөдөл дээр гурав, дөрвөн хүний нэр бичсэн байна.
Курск мужийн амбан захирагчийн үүрэг гүйцэтгэгч Алексей Смирнов Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахдаа “28 сууринд 2 мянга орчим хүн амьдардаг бөгөөд тэдний хувь заяаг бид одоогоор мэдэхгүй байна" гэжээ.
Сураггүй болсон хугацаат цэргийн албан хаагчдын тухайд ОХУ-ын Батлан хамгаалах яам нарийн тоог хэлээгүй ч олон нийтийн сүлжээгээр эрэн хайх ажиллагааны талаарх мэдээллүүдээс харахад олон арван цэргийн тухай ярьж байна.
Дайтаж буй хоёр талын аль нь ч Украинд олзлогдсон хүмүүсийн тоог мэдээлээгүй байна.
Курск муж дахь Орос, Украины хил дээр алба хааж байсан хугацаат цэргийн албан хаагч 22 настай Данила Колесников наймдугаар сарын 3-нд ар гэрийнхэнтэйгээ холбогдохдоо, өөрөө болон бусад цэргүүд Украйны галд өртөж байгаа тухай ярьжээ. Тэрбээр найз охин Анастасияд хэлэхдээ Украины тал "танкаар буудаж байна" гэжээ. Удалгүй түүнтэй холбоо тасарсан байна.
Тэр өдрүүдэд Украйны арми тэр залуугийн байрлаж байсан хэсгээр гэнэтийн довтолгоо хийж хил нэвтэрчээ.
Өчигдөр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тус улсын зэвсэгт хүчин ОХУ-ын Курск мужид цэргийн ажиллагаа явуулж байгааг анх удаа албан ёсоор мэдэгдсэн. Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэлснээр, Украины арми одоогийн байдлаар ОХУ-ын бүс нутгийн 1000 орчим хавтгай дөрвөлжин км газар нутгийг хяналтдаа аваад байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яам Украины Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийн хохирлын талаарх мэдээллээр хязгаарлагдаж байгаа бөгөөд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов 8-р сарын 7-нд мэдэгдэхдээ “дайсны Курскийн чиглэлд довтолгоог зогсоолоо" гэв.
Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар Украины цэргүүд Курскийн эзлэгдсэн нутаг дэвсгэрт хүчээ нэгтгэж, зарим газарт хяналтын бүсээ өргөтгөж, давшилтаа үргэлжлүүлж, эсвэл тагнуулын дайралт хийж байна.
Одоогийн байдлаар тэд Сужа дүүргийн төвийн ихэнх хэсгийг буюу Сужа голын баруун хэсгийг эзэлжээ. Оросын цэргүүд зүүн эрэг дээрх өндөрлөг газрыг барьж байгаа боловч хоёр жигүүрээр нь довтолж байгаа тул хүнд байдалд байгаа гэнэ.
Курск мужид тнэгдсэн фронтын шугам байхгүй тул газар нутгийн асар том хэсэг нь мөргөлдөөний хоёр талын альных нь ч хяналтанд байдаггүй саарал бүс болоод байна.
Тулааны бүсээс олон мэдээлэл ирж байгаа ч ихэнх нь батлагдаагүй, юу болж байгаа талаарх бүрэн дүр зураг тодорхойгүй хэвээр байна. Түүнээс гадна нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж байгаа аж.