Солилцоогоор эх орондоо эргэж ирсэн Анна Дульцева болон түүний охиныг Владимир Путин угтан авч байгаа нь
Анкара хотын нисэх онгоцны буудалд энэ сарын 1-нд долоон улс хоригдлуудаа солилцох түүхэн үйл явдал болов. Герман, Норвег, Польш, Словени, АНУ-аас Орос руу найман хүн ирсний хоёрыг нь Ерөнхийлөгч Путин өөрийн биеэр угтсан байна. Тэдний дотор Чечений хээрийн цэргийн командлагчийг алсны улмаас Германы шүүхээс насаараа хоригдох ял авсан Вадим Красиков байв. Өрнөдийн орнууд руу Оросоос буцааж өгсөн 16 хүн дунд Эван Гершкович, Пол Уилан нар байсан бөгөөд тэднийг сольж авахыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өөрийн чухал зорилт гэж хэлсэн байдаг. Ийн солилцох тухай яриа хөөрөө жил хагас гаруй үргэлжилжээ.
Америкийн сагсан бөмбөгийн од Бриттни Грайнер гэдэг эмэгтэйг Оросын бизнесмен Виктор Бүтээр 2022 оны эцсээр сольсон. Үүний дараа Пол Уиланыг сольж авах талаар санал тавихыг Төрийн департаментад Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен үүрэг болгосон ч Оросын тал хүлээж аваагүй аж. Дараа нь АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливаны шийдвэрээр Германы талтай хийсэн хэлэлцээрээр Вадим Красиковын тухай асуудлыг хөндсөн ч олигтой ахиц гарсангүй. Америкийн өндөр албаны хүн Красиковын тухайд “Оросууд эргүүлж авахыг хүссэн хамгийн том загас байсан юм” гэж хэлсэн байдаг. “The wall street journal” сонины сэтгүүлч Эван Гершкович Орост саатуулагдсаныг Цагаан ордон 2023 оны гуравдугаар сарын 22-нд мэдэж, нэг их удалгүй Блинкен Сергей Лавровтой утсаар ярьсан ч “Нотлох баримттай нь баривчилсан, сэтгүүлч гэдэг нь түүнд дархлаа болохгүй” гэсэн хариу авчээ. Алексей Навальныйг солилцох хүмүүсийн тоонд оруулах талаар Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок болон Канцлер Олаф Шольц нартай ярилцахад тэд зөвшөөрсөн байна. Солилцох тухай аливаа яриа, үйлдэлд Красиковыг оролцуулахыг Орос хүсэж буй нь 2023, 2024 онд тодорхой болов. Жейк Салливан ч Красиковыг суллуулахын тулд Германы холбогдох хүмүүстэй ярилцсаар байлаа. Хоёрдугаар сарын эхээр Жо Байден, Олаф Шольцтой уулзаж, солилцох хүмүүст Красиков, Уилан, Гершкович, Навальный нарыг оруулах талаар Оросын тавьсан саналыг ярилцав. Шольц “Та бүхний төлөө би үүнийгхийе” гэж Байденд хэлжээ. Гэтэл үүнээс долоо хоногийн дараа Навальный Оросын шоронд нас барав.
АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис Красиковыг суллахын чухлыг хэлэх гэж Шольцтой уулзжээ. Түүнчлэн оросуудын хувьд үнэ цэнтэй гэж АНУ үзээд байгаа Оросын хоёр хүн (эхнэр, нөхөр Дульцев) хоригдож буй Словений Ерөнхий сайд Роберт Голобтой Харрис бас зөвлөлдсөн байна. Эх сурвалжийн мэдээгээр Америк, Оросын тагнуулын байгууллагын өндөр албаны хүмүүс гурав дахь улсад уулзсан аж. Долоодугаар сарын 21-нд Жо Байден Словений Ерөнхийлөгч Наташа Пирц Мухартай утсаар ярьж, солилцох ажлыг эцэслэх бодолтойгоо хэлэхдээ хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүйгээ ч дуулгажээ.
Орос, Өрнөдийн хооронд солилцох тухай хэлэлцээр хэдэн жил үргэлжлэв. Өрнөд Вадим Красиковыг, Орос Алексей Навальныйг голлон анхаарч байлаа. Красиковыг сэтгүүлч Эван Гершковичоор солино гэж Путин найдаж байсан ч Орост баривчлагдсан Америкийн тагнуулчдыг Герман сонирхсонгүй. Навальныйг нас барсны дараа Өрнөд ч хэлэлцээр хийх гэж шимтэхээ байв.
Тэгтэл Цагаан ордны эх сурвалжид түшиглэн CNN энэ сарын 1-нд мэдээлэхдээ хоригдлуудыг нэлээд олноор солилцохоор Орос, АНУ хоёр тохиролцсон, үйл явц нэгэнт эхэлсэн гэв. Долоон орон 26 хоригдол солилцоход Туркийн Үндэсний тагнуулын байгууллага зуучаар оролцох болсон байна. Өрнөдийн орнуудтай Орос хэлэлцээр хийхэд Цагаан ордон, Гадаад хэргийн яам, ТТГ оролцжээ. Суллагдсан гурван америкийг Эндрюсийн нисэх хүчний бааз дээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Дэд ерөнхийлөгч Камала Харрис нар тосож авчээ.
Вадим Красиков Оросын Холбооны аюулгүй байдлын албанд ажиллаж байсныг наймдугаар сарын 2-нд Кремль хүлээн зөвшөөрөв. Красиков “Альфа”-д Путиний хамгаалалтынхантай алба хашиж байжээ. Дульцевийн гэр бүл Оросын тагнуулын байгууллагад ажиллаж байсныг ч Москва нуусангүй. Дмитрий Песковын хэлснээр бол тэд нууц тагнуулч бөгөөд эцэг, эх нь Оростой холбоотой байсныг хүүхдүүд нь Москва руу нисэж явахдаа л мэдэж. Хүүхдүүд орос хэл мэдэхгүй аж. Словенид эхнэр, нөхөр Дульцев өөрсдийгөө аргентин хүмүүс гэдэг байжээ.
Солилцоонд нийтдээ 24 хүн хамрагдлаа. Орост зургаан улсаас найман хүнийг нь хүлээлгэж өгсөн бол ОХУ 16 хоригдлыг эх оронд нь буцаасныг13 нь Германы, гурав нь АНУ-ынх байв. Дэлхийн хамтын нийгэмлэг энэ үйл ажиллагаанд талархалтай хандлаа. НАТО-гийн холбоотнууд хоорондоо нягт хамтарч ажилласан нь тус боллоо гэж тус эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдэв. Олон улсын “Amnesty international” байгууллага “Шударга шүүхээр яллагдсан алуурчин болон бусад гэмт хэрэгтэн үзэл бодлоо илэрхийлэх эрхээ л эдэлсэн хүмүүсээр солигдон эрх чөлөөтэй болж байна” гэж үзэж буйгаа илэрхийллээ.
ХОРИГДОЛ СОЛИЛЦСОН ТҮҮХҮҮД
ЗСБНХУ болон ОХУ хоригдлуудыг гадаад иргэдээр сольж байсан тухай зарим баримтыг сөхье. 1976 онд Луис Корвалан, Владимир Буковский нарыг солилцжээ. Луис Корвалан нь Чилийн КН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа генерал Аугусто Пиночетийн зохион байгуулсан Төрийн эргэлтийн дараа 1973 оны аравдугаар сард баривчлагдан Досон арал дээрх олноор хорих газар болон Сантьяго хотноо “Риток”, “Трес-Аламос” шоронд хоригдож байв. Владимар Буковский нь Зөвлөлтийн зохиолч, нийтлэгч, өөр үзэл бодлынхоо улмаас улсынхаа эсрэг ухуулга хийсний учир 1963, 1965, 1967, 1971 онд дөрвөн удаа баривчлагдан, шорон хийгээд сэтгэцийн эмнэлэгт нийт12 жил болсон хүн. Эднийг чөлөөлөхийн төлөө өргөн тэмцэл Өрнөд, Дорнодод болж, Чилитэй тогтоосон дипломат харилцаагаа ЗХУ 1973 онд тасалсан байснаа АНУ-ын Төрийн департаментын зуучлалаар яриа хэлэлцээр удаан хугацаанд үргэлжилжээ. Хэрэв Буковскийг чөлөөлж гадагш гарахыг нь зөвшөөрвөл Чилийн Засгийн газар Корваланыг мөн суллаж гадаадад гарахыг нь зөвшөөрч буйг АНУ-д суугаа Зөвлөлтийн ЭСЯ 1976 оны арван хоёрдугаар сарын 7-нд Москвад мэдээлсэн байна. Найм хоногийн дараа ЗХУ-ын КН-ын Төв хорооны Улс төрийн товчоо хуралдаад Луис Корваланыг чөлөөлөхтэй холбоотой арга хэмжээний тухай шийдвэр гаргаж, тэднийг солилцох ажил тухайн сарын 18-нд Цюрих хотод болжээ.
1986 онд Натан Шаранскийг социалист орнуудын тагнуулчдын бүлгээр сольсон аж. Шаранский нь Зөвлөлтийн инженер, өөр үзэл бодолтой, Андрей Сахаровын туслах, хэлмэрч нь, ЗХУ дахь еврейн хөдөлгөөний идэвхтэн байв. Тэрбээр Москвад гадаадын сэтгүүлчидтэй уулзахдаа хүний эрхийг хамгаалагчдыг мөрдөн мөшгөж, еврей нарыг ЗХУ-аас гарч явахыг үндэслэлгүйгээр зөвшөөрөхгүй байгаа талаарх мэдээлэл дамжуулсан гэнэ. Шаранскийг эх орноосоо урван, Зөвлөлтийн эсрэг ухуулга хийсэн гэж үзэж, 1977 оны гуравдугаар сард баривчлан, дараа жил нь 13 жил хорих ял өгсөн байв. Хоёр талаас нэртэй улс төрчид олон удаа хүсэлт гаргасны үндсэн дээр ЗХУ, АНУ-ын хооронд 1986 оны хоёрдугаар сарын 11-нд тусгай хэлэлцээр байгуулав. Шаранскийг ХБНГУ-ын хоёр, Чехословакийн нэг иргэнээр солих ажлыг баруун Берлин, БНАГУ-ын хилийн зааг дээр байх Глиникийн гүүрэн дээр зохион байгуулжээ.
Украины Зэвсэгт хүчний албан хаагч, ахмад Надежда Савченко зүүн урд хил дээр нь болсон байлдаанд оролцож яваад Оросын хилийг нууцаар нэвтрэх гэж оролдох үедээ 2014 оны зургаадугаар сард баривчлагдсан байна. Түүнийг Бүх Оросын радио телевизийн сэтгүүлч Игорь Корнелюк, Антон Волошин нарын амийг хөнөөсөн хэмээн буруутгаж, 22 жил хорих шийдвэр 2016 оны гуравдугаар сард гаргажээ. Гэвч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний өршөөлөөр суллаж, 2016 оны тавдугаар сард нисэх онгоцоор Киевт хүргэж өгөв. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко “түрэмгий дайн үйлдсэний улмаас” Украинд хоригдож байсан Оросын иргэн Александр Александров, Евгений Ерофеев нарт мөн өршөөл үзүүлэн суллав.
2019 оны есдүгээр сарын 7-нд Орос, Украин хоёр “35:35” гэсэн арга хэмжээ авч олзлогдогчдоо солилцов. Оросын хилийг хууль бусаар нэвтэрсэн 24 усан цэрэг, шүүхээс нь ял авсан 11 хүн үүнд хамрагдсан байна. Оросын “Роставиа” компанийн захирал Константин Ярошенко Либери улсад мансууруулах бодис борлуулсан хэргээр 2010 оны тавдугаар сард баривчлагджээ. Түүнийг нууцаар АНУ-д аваачсан байна. Энэ нь гурав дахь орны газар нутаг дээр Оросын иргэнийг Америкийн тусгай албад хулгайлсан анхны тохиолдол байлаа. Ярошенког кокаин дамлан худалдах олон улсын сүлжээ бий болгосон гэж үзжээ. Тэрбээр хэргээ хүлээгээгүй ч 20 жил хоригдох шийдвэр 2011 оны есдүгээр сард гаргав. Тэнгисийн явган цэрэг байсан, умард Техасын их сургуулийн олон улсын харилцааны салбарын оюутан Тревор Рид 2019 оны наймдугаар сарын 16-нд гудамжинд эмэгтэй хүнд халдсан байна. Ая эвээр тайвшруулах гэж гудамжны харуулынхан оролдсон ч тэрбээр эсэргүүцэл үзүүлсэн тул хүч хэрэглэн баривчилж, машинд суулган авч явж байтал жолооч руу халдсанаас зам дээр осол гаргахад хүргэсэн байна. Ридийг хууль сахиулах байгууллагын ажилтнуудад хүч хэрэглэсэн хэмээн буруутгаж, Москва хотын нэгэн дүүргийн шүүх есөн жил жирийн дэглэмтэй шоронд хорьж, 100 мянган рублиэр торгох шийдвэр 2020 оны долоодугаар сарын эцсээр гаргав. Энэ хоёр хүнийг 2022 оны дөрөвдүгээр сарын 27-нд Туркийн Стамбул хотноо солилцов. Ярошенко тэр өдрөө л Москвад ирж, Рид маргааш нь АНУ руу буцжээ.
Оросын бизнес эрхлэгч, нисэх тээврийн хэд хэдэн компанитай Виктор Бут зэвсэг хууль бусаар арилжиж олон улсад хориотой наймаа хийх болсон тухай мэдээлэл 1990-ээд оны дундуур дуулдах болжээ. Тэрбээр Афганистан болон Югославын бүрэлдэхүүнд байсан улсууд, Африкийн зарим оронд зэвсэг нийлүүлсэн хэмээн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн илтгэлд дурдсан байна. Энэ зөвлөлөөс бэлтгэсэн нэрсийн хар жагсаалтад Бут 2002 онд оржээ. 2008 оны гуравдугаар сарын эхээр түүнийг АНУ-ын хүсэлтээр Бангкогт баривчлав. 2010 онд Бутийг Америкийн талд шилжүүлж өгөв. Тангарагтны шүүх Виктор Бутийг алан хядагч бүлэглэлүүдэд зэвсэг нийлүүлсэн, Америкийн төрийн ажилтнуудыг алах зорилготой хуйвалдаанд оролцсон гэж үзлээ. 2012 оны дөрөвдүгээр сарын 5-нд түүнийг 25 жил хорьж, 15 сая ам.доллар төлүүлэх ял оноов.
Америкийн сагсан бөмбөгч Бриттни Грайнер 2013 оноос “Финикс Меркури” клубийн төвийн тоглогч байжээ. Тэрбээр2014 онд Туркт, 2018 онд Испанид болсон ДАШТ-д АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглосон аж. Мөн 2016, 2020 онд Рио-де-Жанейро, Токиод болсон Олимпод оролцжээ. Энэ тамирчин эмэгтэй хар тамхи худалдсан хэрэгт сэжиглэгдэн 2022 оны хоёрдугаар сарын 17-нд Москвагийн нисэх онгоцны Шеремтьево буудалд баривчлагдсанюм. Есөн жил шоронд хорьж, нэг сая рублиэр торгох ял түүнд өгөв.
Бутийг Грайнерээр солих ажиллагааг 2022 оны XII сарын 8-нд Арабын нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотод хийж, хоёул тэр өдрөө л эх орноо зорьж, солилцохын өмнө тэдэнд өршөөл үзүүлэн, ялын үлдсэн хугацааг эдлүүлэхгүй байх шийдвэр гаргасан байв.
Бэлтгэсэн Р.Жаргалант