Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд өдрөөр болон хэвтэн эмчлүүлж буй сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол, сэтгэл зүйн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлжээ. Тодруулбал, тус төвийн хоёр сэтгэл зүйч хүүхдүүдтэй дохионы хэлээр харилцаж буй аж. Мөн сонсголын бэрхшээлтэй эцэг, эх, асран хамгаалагч нарт нь зөвлөгөө өгөх боломжтой гэнэ.Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд төрөлжсөн тусламж үйлчилгээ үзүүлдэг улсын хэмжээний ганц байгууллага юм. Эмчийн үзлэг, сэргээн засах тусламж, боловсрол, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээг цогцоор нь олгодог гэдгээрээ онцлог.
Зуны улиралд эмч, мэргэжилтнүүдийн олонх нь амардаг тул ачаалал ихэсдэг байна. Мөн сургууль, цэцэрлэг амарсан үед хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо урьдынхаас эрс нэмэгддэг гэнэ. Хөдөлгөөн, хөдөлмөр засалч нар нэг өдөрт 60 орчим хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлж буй аж.