Өмнөд Африкт 130 сая долларын (100 сая фунт стерлинг) банктай холбоотой дуулиан дэгдээсэн этгээд 15 жил шоронд хоригдохоор болсон тухай тус улсын цагдаагийн алба мэдэгдлээ.
Цифхива Матодзи нь 2018 онд дампуурсан “VBS” банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан ба олон жилийн турш тус банкнаас луйвар хийдэг байсан нь тогтоогджээ.
Түүний энэ луйвар нь ядуу буурай тосгодын иргэдээс засгийн газар хүртэл тархсан байв.
Өнгөрсөн лхагва гарагт болсон шүүх хурал дээр Матодзи “VBS” банкны данснаас 1.9 тэрбум рупи хулгайлсантай холбоотой авлига, хулгай, залилан, мөнгө угаах гэмт хэрэг зэрэг нийт 33 зүйл ангиар гэм буруугаа хүлээсэн байна.
Түүний үйлдсэн хэрэг бүрт 15 жил тооцогдож нийтдээ 495 жилийн ял оноох байсан боловч шүүхээс түүнд 15 жилийн хорих ял оноох шийдвэр гаргажээ.
Тус улсын төв банкнаас 2018 онд дээрх дуулиантай холбоотойгоор мөрдөн байцаалт явуулах чиглэл өгсөн ба үүний дараагаар төв банкны тайланд тухайн хэргийг "банкны агуу дээрэм" гэж нэрлэж байв.
Олон жилийн турш “VBS” банк нь хадгаламж эзэмшигчдийнхээ эзэмшилд байдаг харилцах банк байсан бөгөөд тухайн газар нутагт амьдардаг хөдөө орон нутгийн иргэдэд моргейжийн зээл авах эсвэл гэр бүлийн оршуулгад зориулж хуримтлал үүсгэхэд нь тусалдаг банк байв.
Гэвч маш хурдтайгаар “VBS” банк нь авлигад идэгдсэн улс төрчид, орон нутгийн засгийн газрын удирдагчид болон тэдний бизнес эрхэлдэг хүмүүст зориулан маш боловсронгуй, пирамид схемийн дагуу луйврын сан болон хувирсан.
Банкны эздийг Өмнөд Африкийн хамгийн ядуу, үйл ажиллагаа нь доголдолтой зарим хотын захиргааны албан тушаалтнуудад авлига өгсөн гэж буруутгаж байжээ.
VBS-ийг Өмнөд Африкийн төв банкны хяналтад оруулсны дараа л мөрдөн байцаагчид хулгай луйвар, улс төрийн явуулга зэргийг бүрэн хэмжээгээр илрүүлсэн юм.
“VBS” банк 2018 оны арван нэгдүгээр сард татан буугдсан.
Матодзиг мэргэжлийн санхүүч, хуульчдын баг, мөн туслан гүйцэтгэгч халхавч компаниудын дэмжлэгтэйгээр луйврыг зохион байгуулсан гэж буруутгажээ.
Хэдийгээр олон жилийн турш VBS-ийн хэрэгтэй холбоотойгоор олон хүн баривчлагдаж байсан ч зөвхөн Матодзи болон VBS-ийн санхүүгийн захирал асан Филлип Трутер нар гэм буруутайд тооцогдож, ял авсан байна.
Өмнөд Африкийн Hawks цагдаагийн алба буюу авлигын хэргийг мөрдөн шалгах үүрэгтэй газар нь VBS-ийн хэрэгтэй холбоотой "бусад сэжигтнүүдийг мөрдөж байгаа" гэж мэдэгдэв.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/articles/c725rn355ero