Хар тамхины хэргээр АНУ-ын шүүхэд буруутгагдаж байсан Хондурас улсын ерөнхийлөгч асан Хуан Орландо Эрнандес 45 жилийн хорих ял авчээ. Эрнандесийг өнгөрсөн гуравдугаар сард АНУ руу кокэин импортлохыг завдсан, мөн хууль бусаар галт зэвсэг эзэмшиж байсан хэргээр буруутгаж байсан.
Нью-Йоркийн прокурорууд хэлэхдээ түүнийг Төв Америкын Хондурас улсыг яг л "хар тамхины улс" мэт харагдахаар байдалд хүргэж, хар тамхины наймаачдыг хамгаалахын тулд тэднээс олон сая долларын хахууль авсан гэж мэдэгджээ. Прокурорууд түүнийг яллахын өмнөх хаалтын үгэндээ "Тэр АНУ руу галт зэвсгээр хамгаалагдсан кокэины хурдны замыг тавьсан" гэж хэлэв. Түүний ялын нэг хэсэг болгон 8 сая доллар буюу 6.3 сая фунт стерлингийн торгууль төлөхийг үүрэг болгожээ.
“Associated Press” агентлагийн мэдээлснээр Эрнандес шүүх хуралдааны үеэр "Би буруугүй, Намайг үндэслэлгүй буруутгасан" гэж хэлжээ. Шүүх хурлын үеэр шүүгч түүнийг "эрх мэдэлд шунасан хоёр нүүртэй улстөрч" гэж дуудсан гэж мэдээлсэн байна. Өнгөрсөн сард уг хэргийг хянаж байсан Манхэттений шүүгч Эрнандесийн өмгөөлөгч нарыг Эрнандесийн ерөнхийлөгч байх үед Хондураст кокэин худалдаалах явдал ихэссэн гэж шүүхээс буруу мэдээлэл гаргасан хэмээн маргасны дараа шүүх хурлын давж заалдах хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгосон байна.
АНУ-ын дүүргийн шүүгч Кевин Кастел "Гурван долоо хоног үргэлжилсэн шүүх хурлын явцад олон тооны гэрчийн мэдүүлэгт үндэслэн Хернандесийг ялласан бөгөөд тэдний мэдүүлгийг утасны бичлэг болон үарим мэдээлиийг сэргээх зэргээр баталгаажуулсан" гэж бичжээ.
Эрнандес нь 2014-2022 онд 10 гаруй сая хүн амтай Хондурасын ерөнхийлөгчөөр дараалсан хоёр удаа сонгогдон ажиллаж байжээ. Тэрээр эх орондоо хар тамхитай холбоотой гэмт хэргийн асуудлыг шийднэ гэж хууль сахиулагчийн хувиар амлан нэр дэвшиж байсан.
Гэвч прокурорууд түүнийг "АНУ руу тонн тонноор нь хууль бусаар кокэин зөөвөрлөж авлигад идэгдсэн, харгис хэрцгий гүрэн байгуулахын тулд дэлхийн хамгийн алдартай хар тамхины наймаачидтай хамтран ажилласан" гэж буруутгажээ. Түүнийг өмнө нь АНУ-тай хүчтэй холбоотой байсан гэж үздэг байсан бөгөөд тэрээр Хондурас улсдаа хар тамхины эсрэг 50 сая долларын (39 сая фунт стерлинг) тусламж, мөн аюулгүй байдал, цэргийн тусламжаар олон сая долларын нэмэлт тусламж авч байжээ.
АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп 2019 онд Эрнандест "АНУ-тай нягт хамтран ажиллаж байгаад нь" талархал илэрхийлж байсан. Эрнандес хариуд нь ноён Трамп болон Америкийн ард түмэнд "хар тамхины наймаатай тууштай тэмцэхэд үзүүлсэн тусламж дэмжлэгт" нь талархлаа илэрхийлж байв.
Прокурорууд хожим Эрнандесийг ерөнхийлөгч болохоосоо өмнө буюу 2004 оны үед хар тамхины наймаачидтай холбоотой байсныг илрүүлж, 500 орчим тонн кокэиныг АНУ руу хууль бусаар нэвтрүүлэхэд тусалж байсныг илрүүлжээ. Шүүх хурлын үеэр хэд хэдэн удаа ял эдэлж байсан хар тамхины наймаачид Эрнандест авлига өгсөн гэж мэдүүлжээ. Тэд Колумб, Венесуэлээс кокэиныг Хондурасаар дамжуулан АНУ руу нэвтрүүлэхийн тулд олон сая долларын хахууль өгсөн гэв. Түүний эсрэг мэдүүлэг өгсөн хүмүүс өөрсдөдөө ашиг хонжоо хайсан гэж Эрнандесийн өмгөөлөгчид нь маргажээ. Эрнандес мөн өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгсөн гэрчүүдийг "мэргэжлийн худлаа яригчид" гэж буруутгаж, өөрийгөө өмгөөлж мэдүүлэг өгөхөөр байр сууриа илэрхийлжээ.
Мөн прокурорууд түүнийг хар тамхины мөнгөөр Хондурасын 2013, 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийг өөртөө ашигтай байдлаар эргүүлэхийн тулд эрх бүхий албан тушаалтнуудад авлига өгсөн гэв. Эрнандес энэ мэдэгдлийг үгүйсгэхдээ өөрийгөө "зохион байгуулалттай гэмт хэрэг, улс төрийн дайснуудын өшөө хорсол, хуйвалдааны золиос болсон" гэж мэдэгджээ. Тэрээр энэхүү ялын эсрэг давж заалдах шатны шүүхэд хандах юм байна. Түүнчлэн түүний ах, Хондурасын Конгрессын гишүүн асан Хуан Антонио "Тони" Эрнандес, 2021 онд Манхэттений шүүхээс хар тамхины хэргээр бүх насаараа хорих ялаар шийтгүүлж байв.
Эрнандес нь АНУ-д хар тамхитай холбоотой хэргээр ял авсан анхны Латин Америкийн төрийн тэргүүн биш юм. Панамын удирдагч асан Мануэль Норьега 1992 онд Майамигийн шүүхээс хар тамхины хэргээр, Гватемалын ерөнхийлөгч асан Альфонсо Портильо 2014 онд Нью-Йоркийн шүүхээс мөнгө угаасан хэргээр тус тус ял сонсож байжээ.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/articles/c2ee4j1e0g6o