Азийн холимог тулааны холбоо болон Азийн олимпын зөвлөл хамтран Камбож улсын Пномпень хотод зохион байгуулсан холимог тулааны насанд хүрэгчдийн Азийн АШТ-д 15 орны тамирчид ур чадвараа сорьж, шилдгүүдээ тодрууллаа. Монголоос гурван тулаанч улсаа төлөөлөн оролцсоноос эрэгтэйчүүдийн 96 кг-ын жинд “Бату файтерс” клубийн тамирчин Э.Мөнгөншагай түрүүлж, тивийн аварга боллоо. Эмэгтэйчүүдээс 60 кг-д жиү жицүгийн BB академи, “One team” клубийнхнээс Б.Алтанчимэг хүрэл медаль хүртэж, шагналын тавцанд зогссон. Тэгвэл 65 кг-д өрсөлдсөн хилийн цэргийн 0303 дугаар ангийн “Алтан шонхор” клубийн тамирчин А.Адьяа V байрт шалгарч тэмцээнээ өндөрлүүлэв. Дээрх тэмцээнээс медаль хүртсэн Э.Мөнгөншагай, Б.Алтанчимэг нар ОУХМ цол, зэргийн болзол хангаж байна. Холимог тулааны спортын цол, зэрэг олгох болзол өнгөрсөн хавраас хэрэгжиж эхэлсэн юм. Тэд манай улсаас төрсөн холимог тулааны анхны ОУХМ цолтон боллоо. Ташрамд дурдахад, манай тамирчид АНЭУ-ын Абу-Даби хотод ирэх сард болох өсвөр үеийнхний ДАШТ, ОХУ-д есдүгээр сард зохион байгуулах Дэлхийн нөхөрлөлийн наадамд оролцоно. Мөн Узбекистанд ирэх аравдугаар сард эхлэх насанд хүрэгчдийн болон залуучуудын ДАШТ, Тайландад арваннэгдүгээр сард болох Азийн танхимын болон тулааны спортын наадамд өрсөлдөх нь.