Дэлхийн улс орнууд ажлын өдрийг богиносгох талаар хэлэлцэж байхад Грекийн эрх баригчид хүн амын бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд долоо хоногт зургаан өдөр хөдөлмөрлөхөөр болж байна. Ажлын зургаан өдөртэй долоо хоног энэ сараас хэрэгжиж эхэллээ. Харин долоо хоногийн ажлын цагийг 48 болгож нэмэгдүүлэхийг үйлдвэрчний эвлэлүүд эрс эсэргүүцэж буй.
Төрийн албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн гишүүн Акис Сотиропулос "Бараг бүх соёл иргэншсэн улс орнууд ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг хуульчилж байхад Грек өөр замаар явахаар шийдсэн нь харгис арга хэмжээ" хэмээн мэдэгдлээ. Харин Ерөнхий сайд Кириакос Мицотакисын бизнесийг дэмжигч засгийн газар хүн амын тоо буурч, чадварлаг боловсон хүчний хомсдол үүссэн нь тус шийдвэрийг гаргахад хүргэсэн гэдгээ тайлбарлав.
2009 оны сүүлчээр эхэлж, арав гаруй жил үргэлжилсэн Грекийн өрийн хямралаас болж 500 000 орчим боловсролтой залуус гадагшаа цагаачилсан. Зургаан өдөр ажиллах тогтолцоо зөвхөн 24 цагийн үйлчилгээ үзүүлдэг хувийн бизнесийн байгууллагуудад хамааралтай аж. Өргөтгөсөн ажлын долоо хоногийн хүрээнд сонгогдсон салбар, үйлдвэрийн ажилчид өдөрт нэмэлтээр хоёр цаг ажиллах эсвэл найман цагаар ажиллах сонголтоос сонгох бөгөөд өдрийн цалин дээрээ 40 хувийн нэмэгдэл авах юм.
Эх сурвалж: The Guardian