Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглахаар ирсэн 40 улсын 259 ажиглагчийн төлөөлөлтэй Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран зургадугаар сарын 26-аас хоёр талын уулзалт хийж байгаа аж. Өнөөдөр Энэтхэг улсын Сонгуулийн төв комиссын дарга Ражив Кумар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг ажиглахаар ирсэн төлөөлөгчдөд Сонгуулийн ерөнхий хорооны дарга талархал илэрхийлээд хоёр улсын сонгуулийн байгууллага харилцан туршлага солилцож, хамтран ажилладгийг онцоллоо.
Энэтхэг улсын Сонгуулийн төв комиссын дарга Ражив Кумар “Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг үйл явцыг санал авах байранд очиж ажиглалаа. Үйл явц нь маш дэг журамтай, тодорхой, ойлгомжтой болдог юм байна. Улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл ажиглалт хийж, хяналт тавьж байгаа нь чухал байна. Түүнчлэн сонгуулийн бүхий л үйл явц, ирцийг ил тод, шуурхай мэдээлж байгаа нь жишиг болохуйц санагдлаа” гэв.