УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн 19 нам, 2 эвслээс болон бие даан нэр дэвшсэн нийт 1341 нэр дэвшигч үнэмлэхээ авч, хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийж дуусгасан. Тэдгээрийн 61.3 хувь нь эрэгтэй, 38.7 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байгаа нь хуульд заасан хүйсийн харьцааг хангаж байна.
Гадаад улсад байгаа иргэдийнхээ саналыг авахаар цахимаар бүртгэсний үр дүнд 13095 сонгогч бүртгүүлж, санал авах ажиллагааг анх удаа 4 өдөр зохион байгууллаа. Саналаа өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 74.53 хувь нь саналаа өгчээ.
Төлөөлөгчөөрөө уламжилж төрийн эрх барих нь сонгогч Таны эрх, улс орныхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага. 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр бол Та Бидний “СОНГОХ ЭРХИЙН ӨДӨР”. Эрхээ эдэлж, хариуцлагатай хандан Төрийн сонгуульдаа идэвхтэй оролцохыг хүсье.