“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээний гишүүн байгууллагуудаас УИХ-ын ээлжит сонгуулийг ажиглаж буй үйл явцынхаа талаар мэдээллээ. Сонгуулийн ерөнхий хорооноос энэ сарын 21-нд сонгуулийн тойргууд руу ачигдахад бэлэн болсон санал тоолох төхөөрөмжөөс санамсаргүй байдлаар сонгож турших боломжийг улс төрийн нам, эвсэл болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлд олгосон. Үүнд оролцсон тухайгаа “МИДАС” ТББ-ын тэргүүн С.Энхжаргал танилцуулав. Ямар нэгэн зөрчил, сэжигтэй зүйл илрээгүй бөгөөд хяналтын тооллогыг тухайн санал авах байрны камерт ойрхон хийх саналтай буйгаа уламжиллаа.
“Бодлогод залуусын хяналт” ТББ-аас томилсон дөрвөн ажиглагч гадаадад байгаа иргэдийн санал хураалт БНСУ, Япон, АНУ-д хуулийн дагуу явагдаж буй, эсэхийг хянажээ. Зохион байгуулалт нь сайн байсан, ямар нэгэн ноцтой зөрчил гараагүй ч сонгогчийн хурууны хээ унших төхөөрөмж Японы Осакад ажиллаагүй гэнэ. Тус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Т.Амарзаяагийн хэлснээр санал хураалтын өдөр нийт 114 хэсгийн хороонд хараат бус сайн дурын 220 ажиглагч ажиллахаар бүртгүүлж, үнэмлэхээ авсан байна. Улсын хэмжээнд 2180 хэсэг байгаагаас нийслэлийн 101 хэсэгт 200, 12 аймгийн 13 хэсэгт 21 ажиглагчийг тэд ажиллуулах нь. Гэхдээ зарим хэсгийн ахлагчийн зүгээс нам, эвслийн ажиглагч олон байгаа тул иргэний нийгмийн байгууллагуудаас хяналт тавих хүмүүсийг хоёр, хоёр цагаар ээлжлэн ажиллах шаардлага тавьж байгааг эсэргүүцэж, бүхэлд нь ажиглах боломжоор хангахыг хүслээ. Мөн нэр дэвшигчид болон нам, эвслүүдийн авсан хандив, сонгуулийн зардлын тайланг Үндэсний аудитын газраас олон нийтэд нээлттэй байршуулж, мэдээлэх үүргээ гүйцэтгээгүй хэмээн шүүмжлэв. Иймд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага тооцохыг шаардсан юм.
Харин арилжааны телевизүүд “жижиг” намын болон бие даан нэр дэвшигчдийн талаар мэдээлэл нэвтрүүлэх нь хомс байгааг “Глоб интернэшнл төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Онон онцолсон. МҮОНТ, ТV9, Монгол TV, NТV, “Eagle news” гэсэн таван телевизийг хамруулсан мониторингийг гурван үе шаттай хийж буй бөгөөд энэ сарын 17-23-нд хийсэн судалгаанаасаа танилцууллаа. Тухайлбал, сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлгийг “Eagle news” хамгийн өндөр хувьтай дамжуулсан бол далд сурталчилгааны шинж агуулсан хамгийн их мэдээллийг NTV телевиз нэвтрүүлсэн гэнэ. Арилжааны телевизүүд 4-5 нам, эвсэлд түлхүү цаг оноосон нь мөн “илэрч”. МҮОНТ хуулийнхаа дагуу нам, эвслүүдэд ойролцоо цаг өгчээ. Гэхдээ тус телевизийн сонгуультай холбоотой мэдээллийн хамгийн их цаг нь МАН-д ногдсон нь 12 хувийг эзэлсэн бол АН-ынх есөн хувь аж. Харин бие даагчдад хуваарилсан цаг зургаан хувь байжээ. Арилжааны телевизүүд ч хамгийн их цагийг эрх баригчдад зарцуулсан нь дунджаар 55, АН-д зарцуулсан цаг 28 хувьд хүрсэн байна. Энэ хугацаанд магтаж сайшаасан, эерэг өнгө аястай мэдээллийн хэмжээ ерөнхийдөө нэмэгдсэн ч телевиз болгон адилгүй. Жишээ нь, NTV телевизийн эерэг өнгө аястай мэдээлэл ердөө хоёр хувьд хүрчээ. Телевизүүд хуульд заасан 60, нэг нам эвсэл, нэр дэвшигчид ногдох 15, мэдээний хөтөлбөрөөр нэвтрүүлэх таван минутын хязгаарлалтыг зөрчсөн ноцтой тохиолдол илрээгүй гэнэ.
Бэлтгэсэн Б.Уран