УИХ-ын сонгуулийн сурталчилгаа дуусахад нэг хоног үлдээд байна. Уг сонгуульд 19 нам, хоёр эвслээс болон бие даагч нийт 1341 хүн нэр дэвшиж буй. Тэгвэл нэр дэвшигчид болон нам, эвслүүд авсан хандив, сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг олон нийтэд ил тод мэдээлэх хугацаа өчигдөр дуусав. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 58.4-т заасны дагуу тэд энэ сарын 25-наас өмнө зардлын тайлангаа мэдээлж, улмаар Үндэсний аудитын газарт хүргүүлэх учиртай байсан юм. Үүний дагуу нэр дэвшигчид өдөр тутмын сонинууд болон цахим хуудас зэргээр тайлангаа танилцуулжээ. Энэхүү сонгуульд өрсөлдөж буй бүх нам, эвсэл, 1300 гаруй нэр дэвшигч бүгд хугацаандаа тайлангаа ил тод тайлагнасан, эсэхийг Үндэсний аудитын газар (ҮАГ) хянах аж. Сонгуулийн зардлын тайлангаа хугацаанд нь олон нийтэд мэдээлж, ҮАГ-т хүргэх үүргээ биелүүлээгүй нөхцөлд Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг хорин мянга, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай юм байна.
Харин сонгуулийн зардлын эцсийн тайланг нам, эвсэл наймдугаар сарын 12, нэр дэвшигчид долоодугаар сарын 28-ны дотор хувийн аудитын компаниар дүгнэлт гаргуулаад ҮАГ-т хүргүүлэх ёстой юм. Нэр дэвшигчид болон нам, эвслүүд иргэдээс тав, хуулийн этгээдээс 10 сая хүртэлх төгрөгийн хандив авах боломж нээлттэй байгаа. Харин биет бус хандив авах хуулийн хугацаа өнөөдөр дуусах нь.