Бүгд Найрамдах Узбекистан Улсад ажиллаж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирoмонович Мирзиёевтэй албан ёсны уулзалт хийв.
Албан ёсны уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч эртний түүхт Самарканд хотод зочилж, Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын ээлжит зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, өндөр амжилт хүсэв.
Уулзалтын үеэр талууд Монгол, Узбекистан хоёр улс түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой, найрсаг харилцаатай орнууд болохыг онцолж, далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлагаасаа хуваалцаж, цаашид олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг онцлон тэмдэглэв.