Үндэсний эвслийн жагсаалтын зургаадугаарт бичигдсэн нэр дэвшигч Н.Хуланг Сонгуулийн ерөнхий хороо МАН-ын гишүүнчлэлтэй гэж үзэн бүртгэхээс татгалзсан. Өчигдөр нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс түүнийг нэр дэвших эрхтэй гэж үзэн, бүртгэж, үнэмлэх олгохыг сонгуулийн төв байгууллагад даалгалаа. Шүүхийн шийдвэртэй холбоотойгоор Н.Хулангийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ мэдээлэл өгөхдөө “Аливаа хүн улс төрийн намд нэгдэн орсон бол түүнээс гарах нь сайн дурын үндсэн дээр буюу тухайн хүний өргөдлөөр шийдэгддэг гэдгийг шүүх эцэслэлээ. Ямар ч хүн намаас гарахад намын зөвшөөрөл, шийдвэр хэрэггүйг үүгээр тогтоож байна. Сонгуулийн санал хураалт болоход есхөн өдөр үлдлээ. Нэр дэвшигчид эрхээ хязгаарлуулж, сонгуулийн сурталчилгаагаа цөөн хоногт хийх гэж байна” гэв.
Мөн нэр дэвшигч Н.Хулан “Болж буй үйл явцаас харахад МАН-ын өрсөлдөгч нь АН, ХҮН намын аль нь ч биш, Үндэсний эвсэл юм байна. Манай эвслийн дөрвөн нэр дэвшигч буюу тэргүүн Н.Номтойбаяр, МАН-ын хамаарал бүхий байсан гурван хүний сонгогдох эрхийг хязгаарлалаа. Сурталчилгааны үлдсэн цөөн хоногт залуучууд руу чиглэсэн ямар ажил хийх вэ гэдгээ тайлбарлах болно” хэмээн онцолсон юм.