“Сонгогчдын боловсрол төв”-өөс “V-Check” залуусын кампанит ажил зохион байгуулж байна. Залуусын улс төрийн боловсрол, сонгуулийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх нь уг арга хэмжээний зорилго аж. Тус төвийнхөн 2020 оны сонгуулиар анх уг арга хэмжээг хэрэгжүүлсэн юм билээ. “V-Check” челлэнжид залуус нэгдсэнээр улс төрийн оролцоо, хариуцлагаа нэмэгдүүлж, бусдадаа мэдээлэл түгээн, уриалах замаар сонгогчдын боловсролыг дээшлүүлэх юм байна.
Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн сонгогчийн нэрийн жагсаалтад 2 238 207 хүн бүртгэгдсэний 50 хувь нь 18-39 насныхан байгаа юм. Гэвч энэ насны сонгогчдын 50 хувь нь л улс төрийн сонгох эрхээ эдэлж, санал өгдөг аж. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцэд тулгуурлан залуусын оролцоог насны ангиллаар задалж тодорхойлжээ. Ингэхэд 18-19 насныхны 56.5, 20-24 насныхны 43.7 хувь нь саналаа өгсөн байна. Өөрөөр хэлбэл, GenZ үеийнхний идэвх маш сул гарсан аж. Харин 35-39 насныхан 68.4 хувийн ирцтэй оролцжээ. Тиймээс тус төвийнхөн ирц, идэвх муутай дээрх үеийн сонгогчидтой илүү тулж ажиллах зорилгоор уг челлэнжийг эхлүүлж буй юм.