Энэ удаагийн сонгуулиар нэр дэвшигчид бие биенийгээ мэтгэлцээнд дуудаж, нам, эвслүүдийн зүгээс бодлогын өрсөлдөөн өрнүүлэхийг уриалах нь элбэгшив, сайн хэрэг. Саяхны жишээ дурдвал, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнийг зургаадугаар сарын 26 буюу сонгуулийн сурталчилгааны хаалтын өдөр Сүхбаатарын талбайд халз мэтгэлцээнд урилаа. Түүний хувьд МАН-ын даргыг мэтгэлцээнд дуудсан анхны тохиолдол энэ биш. МҮОНРТ-ээр болон бизнес эрхлэгчидтэй уулзахад нь бодлого ярьж, мөрийн хөтөлбөрөөрөө уралдъя хэмээн шаардаж байв. Эрх баригч намын даргыг Н.Номтойбаяр л мэтгэлцье гээд байгаа юм биш.
Комедиан Д.Амартүвшин, иргэн Д.Монголхүү нар “Ковид”-ын үеийн бодлого”, АН-аас нэр дэвшигч Ж.Батзандан “Шударга тав”-ын амлалт, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “С.Зоригийг хөнөөсөн хэрэг”, сэтгүүлч, нэр дэвшигч Ч.Лодойсамбуу “Сүүлийн найман жил” сэдвээр түүнийг мэтгэлцээнд дуудсан удаатай. Үүнээс гадна зүүн бүсэд буюу зургаадугаар тойрогт өөртэй нь өрсөлдөж буй АН-ын нэр дэвшигч С.Төмөрхүү Л.Оюун-Эрдэнийг хөгжлийн бодлогын асуудлаар мэтгэлцээнд дуудаад байна. Ер нь нэг тойрогт өрсөлдөж буй хүмүүс бие биеэ ийн уриалсан явдал нэлээд бий.
46 ДУГААР ЗҮЙЛ.
Сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглах
46.2 Олон нийтийн радио, телевиз сурталчилгааны болон мэтгэлцээний нэвтрүүлгийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан хуваарь, цагийн дагуу зөвхөн төлбөргүй нэвтрүүлнэ.
46.3 Олон нийтийн радио, телевиз нь нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд сонгуулийн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цаг олгох саналаа Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлэхдээ нам, эвслээс нэр дэвшигчдэд намын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг, эвслийн тухайд эвсэлд нэгдэн орсон намын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг, бие даан нэр дэвшигчийн тухайд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн дарааллыг баримтлан ижил нөхцөл, тэнцүү хугацаа ногдохоор тооцно.
46.4 Харилцаа холбооны зохицуулах хороо олон нийтийн радио, телевизээс ирүүлсэн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналыг хянан үзэж, сурталчилгааны болон мэтгэлцээний нэвтрүүлгийн хуваарь, цагийг тэнцүү байхаар тооцож сурталчилгаа эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө батална.
46.17 Улс төрийн мэтгэлцээний нэвтрүүлэг, хөтөлбөр сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэгт хамаарахгүй боловч уг нэвтрүүлэг, хөтөлбөрт нэг намын бус, түүнчлэн бие даагч хэд хэдэн нэр дэвшигч, эсхүл өөр өөр нам, эвслийн төлөөлөл оролцсон байна.
УИХ-ын сонгуулийн тухай хуулиас
Гэхдээ ямар ч мэтгэлцээн болоогүй. Уг нь сүүлийн найман жилийн турш засаглаж, улс орныг удирдсан намын даргатай ярилцаж, цэц булаалдъя гэдэг нь зүй ёсны хэрэг. Нэр дэвшигчид тодорхой сэдвээр, тухайн орон нутагтаа хамаатай асуудлаар дэвшүүлсэн бодлогоо хамгаалж, бас тайлбарлан мэтгэлцэх нь улс төрийн өндөр соёлтой орнуудад нэгэнт тогтсон жишиг шүү дээ. Харамсалтай нь, “Тэнгэр” телевизээс бүх нам, эвслийн төлөөллийг хамруулан зохион байгуулж буй мэтгэлцээнээс өөр нэрлэх зүйл алга. Учир нь Монголын үндэсний олон нийтийн телевизийн үнэт цагийг ашиглан нэвтрүүлж буй үлбэгэр “юм”-ыг мэтгэлцээн, үзэл бодлын уралдаан гэж хүлээн авахад хэцүү төдийгүй үзэж, сонирхсон хүний завыг барж, бухимдуулахаар өгөөжгүй яриа болж байгаа тул тооцсонгүй. Ямар сайндаа л Үндэсний эвсэл тэргүүтэй нам, эвслээс МҮОНРТ-ийн удирдлагад удаа дараа шаардлага хүргүүлж, мэтгэлцээнийхээ чанар, агуулга, хэлбэрийг сайжруулж, амьд өрсөлдөөн өрнүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлэх вэ дээ.
Үнэндээ парламентын ардчилсан, чөлөөт сонгуулийг ес дэх удаагаа явуулах гэж буй Монгол Улсын хувьд энэ өдрүүдэд нам, эвслүүд бодлого, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөж байх учиртай. Үүнийг иргэд, сонгогчдод энгийн, ойлгомжтойгоор хүргэх хэлбэр нь мэтгэлцээн гэдгийг хаана ч хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл, өдийд мэтгэлцээнээр дамжуулан саналаа хэнд, ямар нам, эвсэлд өгөх вэ гэдгээ шийддэг гол суваг хэмээн мэддэг болчихсон байх хугацаа хангалттай өнгөрлөө. Гэвч сонгуулийн жил гарахаас ч өмнө иргэд, сонгогчдын тархийг нь угааж, талцуулсан нэвтрүүлэг, контент, суртал ухуулгыг бүхий л хэлбэрээр түгээж, цутгах ажиллагаа эрчимжиж, төгсөрч буй. Энэ удаагийн сонгуулиар гэхэд эрх баригч нам ийм мэдээллээр иргэдийг эртнээс бөмбөгдөж, тусгайлан бэлтгэсэн цуврал, тавилттай нэвтрүүлгүүд нь кампанит ажлын үеэр ч үргэлжилж, сурталчилгааных нь “хөзөр” болчхоод байна.
Хүний амь хөнөөсөн алуурчин хойморт нь цэнхэр дэлгэцээр тухалж, Ерөнхий сайд, эрх баригч намын дарга нь эдгээр нэвтрүүлэгт гол дүр бүтээтлээ “улайсав”. Элдэв зураг, бичлэг эвлүүлж өрсөлдөгчдийнхөө нэр хүндийг гутаадаг явдлаас ч хэтийдсэн хэрэг л дээ, хор уршиг нь хэмжээлшгүй. Энэ хүртэл ард түмнээ турхирч, гэмгүй иргэдээ хооронд нь талцуулж, эцэст нь нэгнийхээ амийг бүрэлгэхдээ тулсан нь өнгөрсөн 30 гаруй жил ээлжлэн эрх барьсан улс төрийн нам, эвслүүд, тэдгээрийн удирдлага, нөлөө бүхий хүмүүс, тэдний гар, хөл бологсдын тарьсан гай юм. Хэдийгээр сурталчилгааны өдрүүд урьдын адил мэтгэлцээнгүй шахам өнгөрч буй ч бодлогын өрсөлдөөнийг нам, эвслүүд бүгд биш ч зарим нь үгүйлж, бүр нэхэн шаардаж байгааг нь олзуурхууштай.
Уг нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг сүүлд шинэчлэхдээ улс төрийн мэтгэлцээний нэвтрүүлэг, хөтөлбөрийг сурталчилгааны нэвтрүүлэгт хамаарахгүй байхаар хуульчилсан. Олон нийтийн радио, телевиз өмнө нь зөвхөн сурталчилгааны нэвтрүүлгийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан хуваарь, цагийн дагуу төлбөргүй нэвтрүүлдэг байсан бол мэтгэлцээнийг ч үүнд хамруулдаг болов. Ингэхдээ нам, эвсэл, нэр дэвшигчдэд ижил нөхцөл, тэнцүү хугацаа хуваарилж, мэтгэлцээний нэвтрүүлэг, хөтөлбөрт нэг намын бус, бие даагч хэд хэдэн нэр дэвшигч, өөр өөр нам, эвслийн төлөөлөл оролцсон байх шаардлага тавьж буй. Гэсэн ч нэг л болж өгөхгүй, хуулийн дэвшилттэй заалтууд нь бодитой хэрэгжихгүй байгаа нь дахиад л намуудтай холбогдоно. Судлаач Д.Энхцэцэг “Манай сонгууль нь бодлогоос илүүтэй хувь хүн голлосон буюу улс төрчдийн л уралдаан байх хандлага түлхүү ажиглагдаж ирсэн” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсныг зориуд дурдъя. Үнэхээр ч Монголын улс төрд ардчилсан тогтолцооны тулгуур багана болсон нам хэмээх байгууллага хүлээн зөвшөөрөгдөж, төлөвшиж чадахгүй байгаа энэ нөхцөлд тэдний өрсөлдөөний гол талбар болсон сонгууль хэрхэн эрүүл, шударга явагдах билээ. Сонгогчдын саналыг худалдан авах арга, хэлбэр нь улам нарийсаж, ханш нь сонгуулиас сонгуульд өсөхийн сацуу ирц, идэвх нь муудаж, тэд өөрсдийнхөө байгуулсан төр засгаас нүүр буруулж, нэр хүнд нь шалдаа бууж байгаа нь харамсалтай.
Өөрийгөө өөгүй төгс, өрсөлдөгчөө авах юмгүй адгийн амьтан болгож харагдуулахад хөрөнгө, хүч ч ихээхэн шаардлагатай. Үе үеийн эрх баригчид нам, нэр дэвшигчид, хандивлагчдынхаа санхүүжилтээс гадна төрийн гэх болгоныг, бүх шатанд тэр чигээр нь дайчилж ирсэн. Энэ удаагийн сонгуулиар гэхэд эрх баригч МАН-ынхан төрийн албаныхныг хөрөнгө мөнгө, техник хэрэгслээс авхуулаад бүгдтэй нь хамт сурталчилгаандаа ашиглаж байгааг нам, эвслүүдээс хэчнээн хэлж, анхааруулаад тусыг эс олов бололтой. Үүний оронд мэтгэлцээн өрнүүлбэл хаана хаанаа хялбар, хөрөнгө, хүч ч хэмнэж чадах сан.
Иймд яг одооноос сурталчилгааны үлдсэн хугацаанд мэтгэлцэж, бодлогын өрсөлдөөнийг бодитой харуулахад нам, эвслийн удирдлага нь манлайлж ажилламаар байна. Сүхбаатарын талбайд Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ хоёр ч биш, энэ удаагийн сонгуульд оролцож буй бүх нам, эвслийн дарга нар мөрийн хөтөлбөрөө хамгаалан мэтгэлцэж яагаад болохгүй гэж. Монголын сонгууль үүгээр дуусахгүй. Ардчиллаасаа ухраагүй цагт ахин дахин сонгууль хийх л болно. Харин тэдгээр нь ардчиллын амин чухал чанаруудыг тээж, төр засгаа шударгаар байгуулах уу гэдэгт өнөөгийн намуудын үлгэрлэл чухал. Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн өмнөхөн МАН-ынхны “60 тэрбум”-ын дуулиан дэгдэхэд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн байхдаа намууд, нэр дэвшигчдийг хэд хэдэн үе шаттай мэтгэлцээн хийх санаачилга гаргаж, бодлогын дэвшил, улс төрийн соёл үлдээхийг уриалж байв.
Мөн тэрбээр тухайн үед нийтлэлч Б.Болор-Эрдэнийн “Мэтгэлцүүлье: М.Энхболд, Х.Баттулга хоёроос яг Ерөнхийлөгч шиг сэтгэхийг шаардъя” хэмээх нийтлэлийг твиттерт дэмжин “жиргэж”, нэр дэвшигчид бие биеэ харлуулахын оронд бодлогын өрсөлдөөн өрнүүлэхийг уриалж, сурталчилгааны 20 хүрэхгүй хоногт ганц удаа мэтгэлцсэн болоод өнгөрдөг манайх шиг улс цөөн гэдгийг хэлж, шүүмжилсэн удаатай. Харин одоо Ерөнхий сайд бөгөөд эрх баригч намын даргын хувьд тэр мэтгэлцээнгүй сонгууль хийх үү.
Манай улс төрийн мэтгэлцээний түүх Ерөнхийлөгчийн 1993 оны сонгуулиар нэр дэвшигч П.Очирбат, Л.Түдэв нарын халз “тулаан”-аас эхлэлтэй гэж хэлж болно. Үүнээс хойш Төрийн тэргүүнийг сонгохдоо нэр дэвшигчдийн дунд ямар нэгэн байдлаар мэтгэлцээн зохион байгуулж ирсэн ч 2021 оны сонгуулиар хийгээгүй. Тухайн үед МҮОНТВ гурван нэр дэвшигчийн дунд мэтгэлцээн явуулах боломжгүй хэмээн мэдэгдсэн бөгөөд тус мэтгэлцээнийг анх удаа шууд нягтлахаар зэхэж байсан нэр бүхий вебсайтууд хамтран цахимаар зохион байгуулах санаачилга гаргасан ч МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн сонгуулийн менежер Д.Амарбаясгалан нийт ард түмэнд зориулаагүй цахим мэтгэлцээнд оролцох боломжгүй хэмээн мэдэгдэж, мэтгэлцээнгүй сонгууль болсон юм.