Булган, Орхон, Хөвсгөл аймгаас бүрдэх УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрог найман мандаттай. 16 нам, хоёр эвслээс болон бие даагч нийт 87 хүн өрсөлдөж буй томоохон тойргуудын нэг. Бас нэлээд сонирхолтой нэр дэвшигчидтэй гэж болно. МАН, АН, ИХН-ынхан бүрэн ирцээр тус бүр найман хүн нэр дэвшүүлжээ. Эл жагсаалтыг Л.Гүндалайгийн Ард түмний хүч нам үргэлжлүүлсэн нь сонирхолтой. Гишүүн асан маань төрсөн нутаг, өөрийг нь УИХ-д гурвантаа сонгосон Хөвсгөл аймгийнхандаа ихэд найдлага тавьж буй бололтой юм. Тэрбээр бусад долоон нэр дэвшигчээ манлайлан ажиллаж байгаа аж. Гэвч энэ багаас түүнээс бусдыг нь олон нийт танихгүй. Дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй учраас хоосон нэр жагсаахад ч хэцүү юм.
МАН мэдээж УИХ-ын гишүүн, сайд нараа илгээжээ. Гишүүн Д.Батлут, Ц.Даваасүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар нараас гадна Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай нар энэ багт багтаж байна. Мөн Засгийн газар, парламентаас гадна ганц хүн, эмэгтэй байгаа нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн Захиргаа, удирдлага, санхүүгийн төвийн дарга Д.Үүрийнтуяа юм. БШУ-ы сайдын “давхар дээл”-тэй Л.Энх-Амгалан гишүүн Хөвсгөл аймгаас УИХ-д гурвантаа сонгогдсон. Өнгөрсөн гурван жилд БШУ-ы сайдаар ажиллахдаа багагүй өөрчлөлт хийсэн, харьцангуй нэр хүндтэйгээр албаа дуусгаж буй нэгэн. УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар ч мөн хал балгүй, МАН-ын нэр цэвэр цөөхөн улс төрчийн нэгт тооцогдоно. Харин ичих булчирхайгаа гээсэн нэг нэр дэвшигч бол Ц.Даваасүрэн. “10 хувийн” хочтой түүнд МАН-ынхан өртэй мэт л байдаг. 2008 оноос хойш тэрбээр Хөвсгөлөөс тасралтгүй дөрвөн удаа сонгогдоод буй.
Энэ хугацаандаа Эрчим хүчний сайд хийж, Төсвийн байнгын хороог даргалж байв. Эдүгээ ч мөн Барилга, хот байгуулалтын сайдын албатай. Шаардлага тулгарсан, өөрийнх нь эрх ашигт нийцсэн юуны ч төлөө шантааж хийж, хүссэндээ хүрдэг “зуунги” зантай түүнд Булган, Орхоныхон лав өргүй. Дөрвөн парламентад ажиллаж, хоёр ч яам толгойлохдоо гийгүүлсэн ажил хийгээгүй энэ хүнийг одоо амраах цаг нь болсон. Мөн салбарт нь хүний эрх зөрчигдөж, эх орноо хамгаалахаар явсан байлдагч хөвгүүдээс цөөнгүй нь эргэж ирэхгүй болж буйд дэд сайд нь ч бас хариуцлага хүлээх л ёстой. Гэвч МАН-ынхан Батлан хамгаалахын сайд, дэд сайд нарт хариуцлага тооцох бус, хоёуланг нь УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлээд байна. Хэдэн залуугийн алтан амиар дэнчин тавьж байж энэ салбарыг шинэчлэх ёстой юм. Тиймээс ажлаа хийж чадаагүй дэд сайдыг нь ч бас тус тойргийнхон сонгохгүй байж, хариуцлага тооцно гэж найдна. Төдийлөн тодорч танигдалгүйгээр бүрэн эрхээ дуусгаж буй гишүүн Д.Батлутад орхончууд нь л саналаа өгч магад. Арай шинэ, бас эмэгтэйчүүдийн төлөөлөл гэдгээрээ Д.Үүрийнтуяа л эд нараасаа ялгарч мэдэх нь.
АН-ын хувьд дотооддоо хэл амны бай болсон, хөшигний ард энэ намын хамаг будилааныг хутгадаг экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг дөрөвдүгээр тойрогт нэр дэвшүүлээд байна. Шахалтад орж, аргагүйн эрхэнд олонх гишүүнээсээ зөрж, хараалган байж түүнд мандат олгосныгоо АН-ын дарга Л.Гантөмөр “Би түүнийг энд нэр дэвшээч гэж гуйсан юм аа. Тэр бол ялагдаж үзээгүй Ерөнхийлөгч учраас нэр дэвшүүлсэн” хэмээн ярьж зогсоно лээ. Бүх ард түмнийг төлөөлөн ажилласан Ерөнхий лөгч нараас буцаж УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй анхны тохиолдол нь бараг энэ болж байгаа юм. Баянхонгороос гурван удаа УИХ-д сонгогдож, нэг удаа Төрийн тэргүүнээр ажилласан тэрбээр энэ удаа тойргоо сольсон. Х.Баттулгаар ахлуулсан энэ багийн зургаа нь төдийлөн танил биш, шинэ хүн.
Тиймээс тэднийгээ чирэхэд түүний үүрэг байх нь мэдээж. Энэ хэсэгт түүнээс гадна УИХ-ын гишүүн асан, ярихаас хэтэрдэггүй улс төрч Ж.Батзандан багтаж буй. Сонгогдсон өмнөх цаг үедээ тоймтой ажил хийж чадаагүй хүмүүс хэсэг завсарламагцаа л гэнэт ухаан орж, төрөл арилжина гэж үгүй. Тиймээс шинэ хүмүүс рүү нь сонгогчид анхаарлаа хандуулсан нь зөв болов уу. Д.Өсөхбаяр, Г.Цэрэндолгор, Г.Мөнгөнхуяг нарын гурван инженер, Х.Эрдэнэбаатар, Х.Батсайхан гэсэн хоёр эдийн засагч, мөн Б.Ариун-Эрдэнэ хэмээх хуульч залуу энэ багт бий. Б.Ариун-Эрдэнэ нь Булган аймгийн Засаг дарга аж. Булганы уугуул тэрбээр аймгийн арслан цолтой, самбо бөхийн дэлхийн аварга, Ази тивийн таван удаагийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин юм байна. АН-аас найман нэр дэвшигчийнхээ дунд ганцхан бүсгүйг багтаасан нь Г.Цэрэндолгор. Тэрбээр уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй. Уул уурхайн салбарт 25 жил ажилласан, “Өндөр сэнтий трэйд” ХХК-ийн үүсгэн байгуулагч аж. Эдүгээ Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүний албатай юм байна.
ХҮН нам харин жендерийн тэгш байдлыг ягштал баримталжээ. Хөвсгөл аймгийн ХҮН намын хорооны дарга Б.Мөнхболд, боловсрол судлаач Т.Очирдарь, санхүүч Б.Зундуй, М.Элбэгзаяа, нүүр ам судлалын их эмч Э.Энхчимэг, бизнесийн удирдлагын мэргэжилтэй Ц.Энхбат, Т.Тунгалаг нар бол ХҮН намын залуус. Гэвч тухайн салбартаа л гэхээс олон нийт лав тэдний олонхыг огт танихгүй. Эх орон намаас гурван хүн нэр дэвшүүлсний нэг нь УИХ-ын гишүүн асан “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат байгаа юм. Тэр бол энэ тойрогт өрсөлдөж буй хуучин “бурхи”-нуудын нэг. Мөн л Хөвсгөл аймгаас сонгогдон, гишүүн болж явсан энэ эр хуучин тойрогтоо дахин очсон аж. Гэвч сонгууль болохоор л сураг нь гарахаас хэтэрсэнгүй. Мөн Хөгжлийн банктай холбоотой хэргээр шалгуулж буй улс төрчдийн нэг юм. Тэгэхээр Б.Эрдэнэбат бол улиг болсон сонголт.
Тус тойрогт Иргэдийн оролцооны нэгдэл нам зургаан хүн сойжээ. Шинэ нэгдсэн эвслээс улс төрч судлаач Э.Батхишиг, Д.Батбаяр, А.Ариунболд, эрх зүйч Г.Ганхуяг, эдийн засагч Т.Саруултунгалаг, бизнесийн удирдлагаар төгссөн С.Үрэлпүрэв, малчин Ж.Идэр нарын долоон хүнийг нэр дэвшүүлсэн юм байна. Түүнчлэн энэ тойрогт дөрвөн бие даагч өрсөлдөж буйн дотор МАН-ын гишүүн асан Ц.Батаа багтжээ. Тэрбээр 2004-2008 оны парламентад Ардчилсан холбоо эвслээс сонгогдон гишүүн болсон юм. Гэвч удалгүй намаа сольж, МАН-д элссэн. Ажилдаа бараг ирдэггүй, “бодлогын” чанартай асуудлаар ирц бүрдүүлэх үед л МАН-аас түүнийг урьж, залж чуулганд нь суулгадаг, хүнд нөхөр байв. Тэгвэл энэ удаа тэрбээр бие даан нэрээ дэвшүүлжээ.
Эдгээр 85 хүнээс зөв наймыг нь олж сонгох үүрэг дээрх гурван аймгийн иргэдэд ногдож байна. Нэгэнт танигдсан улс төрчдөөс өнгөрсөн хугацаанд юу хийсэн, өгсөн амлалтаа хэрэгжүүлсэн, эсэхийг нь нягтлах ёстой. Харин тухайн нутагтаа, эсвэл салбартаа л тодорхой хүрээнд танигдсан, шинэ залуусаас ирээдүйд ямар ажил хийж хэрэгжүүлэх, түүнийх нь үндэслэл, судалгааг нэхэх хэрэгтэй. Өнгөрсөн найман жилийн турш голдуу МАН-ыг сонгосон эдгээр аймагт бодит амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг бодож иргэд нь сонголтоо хийх бизээ.