Хууль бус болон ёс зүйгүй үйлдэлд нэр холбогдсон улс төрчдийг УИХ-д сонгочхоод бид шударга ёс нэхэж чадахгүй. Мөнгө тарааж, санал худалдаж авахыг санаархагчдаас бидний төлөө сэтгэл, зүтгэл гаргахыг шаардах боломжгүй. Тэдэнд угаас ийм хүсэл, чадвар үгүй. Тиймээс хүн бүр сонгуульдаа идэвхтэй оролцож, ирэх дөрвөн жилд өргүй, түгжрэлгүй, утаагүй, үг хэлж, хэвлэн нийтлэх эрхээ хамгаалж үлдэх, эдийн засгийн эрх чөлөөтэй амьдрах сонголт хийх хариуцлагатай цаг ирээд байна. Мэдээллийг сайтар нягталж, тунгаан бодсоны эцэст л зөв сонголт хийж чадна. Түүхэнд анх удаа 126 гишүүнийг холимог тогтолцоогоор сонгох уг сонгуульд 19 нам, хоёр эвслээс болон бие даагч 1338 хүн өрсөлдөж буй юм. “Өнөөдөр” сонин УИХ-ын сонгуулийн 13 тойрогт нэр дэвшигчдээс танилцуулж байна.
Ямар ч “хольц”-гүй, давуу эрхтэйгээр дангаараа нэг тойрог болсон аймаг бол Баян-Өлгий. Уг нь Монгол бол нэгдмэл нэг улс хэдий ч цөөнх үндэстний төлөөллийг УИХ-д заавал багтаах ёстой хэмээн зүтгэсээр ийнхүү сонгуулийн гуравдугаар тойргийг тэдэнд “өгсөн” юм. Тэнд есөн нам, хоёр эвслээс болон бие даагч нэг, нийт 22 хүн нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна. Гурван мандаттай тойрогт МАН, АН-аас гадна ИЗНН, Иргэний хөдөлгөөний нам (ИХН), ХҮН нам бүрэн нэр дэвшүүлж буй. Мөн Шинэ нэгдсэн эвсэл хоёр хүн сойсон бол Үндэсний эвсэл, Бүгд найрамдах, Үнэн ба зөв, Эрх чөлөөний эвсэл, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намаас тус бүр нэг хүн нэр дэвшжээ. Түүнчлэн ганц бие даагчтай.
МАН-аас УИХ-ын гишүүн Т.Аубакирыг тийш нь явуулсан байна. Анхны бүрэн эрхээ дуусгаж буй энэ гишүүн Баян-Өлгийгөөс бус, Сэлэнгээс гаралтай хүн юм билээ. Гэхдээ казахууд амь нэгтэй учраас өөр нутаг гэж түүнийг хажиглахгүй биз ээ. 2020 онд ч тэрбээр Баян-Өлгийгөөс сонгогдсон, аймгаа тусад нь нэг тойрог болгож “тусгаарлах”-ын төлөө Х.Баделханы хамт зүтгэсэн “гавьяа”-тай. Мөн Хөгжлийн банкны эрсдэлийн газрын захирал З.Батырбек тэнд нэр дэвшсэн. Түүнийг Н.Энхбаярын хүн гэдэг аж. Өөрөөр хэлбэл, МАХН-ынхан МАН-тай нэгдэхэд “Бүх албан тушаалын 30 хувийг авна” гэсэн тохирооны хэсэг болж, мандат авсан хүмүүсийн нэг байх нь. Тэрбээр инженер, эдийн засагч мэргэжилтэй. Өмнө нь Баян-Өлгийн МАХН-ын дарга байсан, нам нь төрхөмдөө буцсаны дараа тус аймгаас МАН-ын Бага хурлын гишүүн болсон, 2020 оны сонгуулиар Та, бидний эвслээс нэр дэвшиж байжээ. Гурав дахь мандатын эзэн, Эрчим хүчний сайдын зөвлөх, Х.Жангабыл аймгийнхаа шатахууны нийлүүлэлтийг “баздаг” сурагтай. Тэрбээр “Рысжан” ХХК-ийн ерөнхий захирал, уг нь АН-ын гишүүн байсан ч 2022 онд МАН-д элсэж, ийнхүү нэр дэвших замаа зассан, Баян-Өлгийн бэлтэй бизнесменүүдийн нэг гэнэ.
АН-аас УИХ-ын гишүүн, Монгол Улсын Хүний гавьяат эмч Б.Бейсен, тус намын төсвийн бодлого хариуцсан дэд дарга, эдийн засагч мэргэжилтэй Ш.Жандос, аймгийнхаа Засаг даргаар ажиллаж явсан, инженер Х.Дармен нарыг нэр дэвшүүлсэн байна. Л.Гантөмөр дарга нь эдгээр нэр дэвшигчээ “Залуу болон ахмад үеийн төлөөллөөс бүрдсэн хүчтэй баг” хэмээн тодорхойлсон байна лээ. Б.Бейсен насаараа аймгийнхаа нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газарт ажиллаад, 2020 онд УИХ-д сонгогдсон. Х.Дармены хувьд аймагтаа танигдсан ч улс төрийн хүрээнд бол төдийлөн мэдэх хүн биш юм. Баян-Өлгийгөөс залуусыг төлөөлөх Ш.Жандосын хувьд АН-ын 15 дэд даргын нэг, Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед төрийн үйлчилгээний хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан орон тооны бус зөвлөхөөр нь ажиллаж байсан аж. Тиймээс Женкогийн хүн гэсэн тодотгол түүнийг дагах нь. Мөн аймгийнхаа АН-ын дарга, ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Насны хувьд ийм нэгэн холимог баг тус намыг гуравдугаар тойрогт төлөөлж буй юм.
Үндэсний эвслээс хуульч мэргэжилтэй, эдүгээ “Тавантолгой түлш” ХХК-ийн аудитор К.Ержаныг нэр дэвшүүлсэн байна. Шинэ нэгдсэн эвслээс орчуулагч, сэтгүүлч Н.Самат, хувиараа бизнес эрхлэгч З.Даулетбек нарыг сойжээ. Тус эвслээс энэ удаагийн сонгуульд 10 орчим сэтгүүлч, хөтлөгчийг нэр дэвшүүлсний нэг нь Монголын радиогийн сэтгүүлч Н.Самат юм. ИЗНН-аас Т.Гулжан, Х.Багдат, Х.Нургул гэсэн нэрс байгаа ч юу хийдэг, ямар туршлагатай тухай тодорхой мэдээлэл алга. ХҮН намаас Баян-Өлгий аймгийн хорооны дарга, инженер Б.Мухит, төмөр замын инженер, “Модельс академи”-ийн гүйцэтгэх захирал М.Болат нараас гадна бизнесийн удирдлагын мэргэжилтэй, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын зөвлөх Ц.Цолмон хэмээх эмэгтэйг сойсон байна. Гуравдагч хүчний намынхан дотор олонд танигдсан хүн маш цөөн байгаа. М.Болатын намтраас харвал тэрбээр дээрх агентлагтаа загварын багшаар ажиллаж байсан аж. Тэгэхээр ХҮН намаас загварын салбарыг төлөөлж буй хоёр дахь хүн нь тэр бололтой. БНН-аас М.Төлеген, Эрх чөлөөний эвсэл нам Ш.Асылбек, мөн бие даагч Д.Бауыржан нар өрсөлдөх нь.
Нэг цул, цөөнх үндэстнийг тусгайлан тойрог болгосон учраас энд казах биш хүмүүс өрсөлдөхөд боломж маш бага. Гэвч Иргэний хөдөлгөөний намынхан Б.Наранбадрал, Б.Загзүсэм, Н.Энхбаатар нарыг илгээсэн байх юм. САИН намаас П.Эрдэнэцогт, Үнэн ба зөв намаас Б.Энх-Уянгыг нэр дэвшүүлжээ. Нийт 22 хүнээс олны хэмжээнд танигдсан нь МАН, АН-ынхан л байгаа юм. Бусдыг нь Баян-Өлгийдөө танигдсан л гэж найдахаас. Дээр дурдсанчлан тусгайлсан тойрог өмчилсөн хүмүүс зөвхөн казах үндэстнээ тодруулах нь мэдээж юм. Тэгэхээр тэнд өрсөлдөж буй халх болоод бусад ястанд хүрд эргүүлэх боломж олдохгүй гэхэд болно.