- УИХ-ын хаврын чуулганыг хаалаа –
Монгол Улсын парламент 76 гишүүнтэй ажилласан цаг үе түүх болон үлдэж байна. 1992 онд манай улс анхны ардчилсан Үндсэн хуулиа баталж, үүний дагуу байнгын ажиллагаатай, 76 гишүүнтэй парламенттай болсон юм. Ийм бүрэлдэхүүнтэйгээр найман удаагийн парламентыг бид байгуулсан байна. Улмаар энэ тооны гишүүнтэй ажилласан сүүлчийн нэгдсэн чуулган ажлын 58 өдөр хуралдаад өчигдөр хаалаа. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 21 хоногийн дараа бид УИХ-д 126 гишүүн сонгоно. Тиймээс 76 гишүүнтэй ажилласан сүүлчийн парламентын онцлогийг тоймлон хүргэе.
МАН үнэмлэхүй ялалт дараалан байгуулсан хоёр дахь парламент нь энэ байлаа. Тус намаас 62, АН-аас 11, Зөв хүн электорат болон Та, бидний эвслээс тус бүр нэг гишүүн сонгогдсон. Мөн нэг бие даагчтай байв. Гэхдээ анхнаасаа ирц 100 хувь бүрдээгүй юм. Сонгуульд нэр дэвших үнэмлэхээ авчхаад сурталчилгаагаа хийж явсан гишүүн Ж.Эрдэнэбат “Ерөнхий сайд байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгосон” гэсэн үндэслэлээр баригдан хоригдсон. Саатуулагдан шалгуулж байх зуурт нь сонгуулийн дүн гарч, тэрбээр шоронгоос сонгогдсон анхны УИХ-ын гишүүн болов. Шүүхээс түүнд зургаан жилийн хорих ял оноож, улмаар есөн сар гаруйг нь эдэлсний дараа хэргийг хэрэгсэхгүй болгох нь тэр. Тэрбээр суллагдмагцаа буюу 2021 оны гуравдугаар сард УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн.
75 гишүүн тангараг өргөснөөс дөрвөн сарын дараа Д.Сумъяабазар өөрт нь итгэл хүлээлгэж сонгосон сонгинохайрханчуудыг “хаяад”, нийслэлийн Засаг дарга болохыг илүүд үзэв. Тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр татгалзаад хотын дарга болсон юм. 74-лээ үлдсэн парламентын нэг суудал 2021 онд дахин сулрав. Хэнтий аймгийг төлөөлж байсан гишүүн У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, сонгогдсон хэрэг. Ингээд Хэнтий аймаг болон Сонгинохайрхан дүүрэгт 2021 оны аравдугаар сард нөхөн сонгууль явуулсан юм. Тэр хүртэл Сонгинохайрханы нэг төлөөлөл жил эзгүй байсан гэсэн үг. Нөхөн сонгуулиар Сонгинохайрханаас экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугар, Хэнтийгээс Ц.Идэрбат парламентад орж ирлээ. Тэд хоёул МАН-ынх. Хүүгээ парламентын гишүүн болгохын тулд Н.Энхбаяр гуай МАХН-ыгаа МАН-д нэгтгэсэн учир энэ намыг төлөөлөн УИХ-д сонгогдсон С.Ганбаатар “гомдохдоо” АН-ын хаяа бараадсан юм даг. Ийнхүү сая нэг юм ирц бүрдэв. Гэвч “элэг бүтэн” ажиллах заяа энэ парламентад байсангүй. “Нүүрсний хулгай”-н хэрэгт 12 гишүүн холбогдон шалгуулж эхэллээ. Улмаар түүхэнд хоёр дахь удаагаа гишүүдийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүлсэн парламент болсон байна. “Нүүрсний хулгай”-н хэрэгт холбогдсон гишүүдээс Т.Аюурсайхан (МАН), Д.Бат-Эрдэнэ (АН) нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах тухай ерөнхий прокурорын саналыг УИХ 2023 оны гуравдугаар сард хүлээж авсан юм. Т.Аюурсайхан ял шийтгүүлсэн бол Д.Бат-Эрдэнийн хэргийг эдүгээ прокурор хянаж буй. Бусад гишүүний заримынх нь хэрэг хэрэгсэхгүй болж, зарим нь шалгуулсаар байгаа аж. Үүнээс гадна “Хөгжлийн банкны хэрэг”-т ч хэд хэдэн гишүүнийг шалгасан. Мөн “ногоон автобусны хэрэг”-тэй холбогдуулан хотын дарга Д.Сумъяабазар ёс зүйн хариуцлага хүлээж огцорсноор УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “давхар дээл”-ээсээ татгалзан түүний оронд очив. Түүнчлэн Архангайгаас сонгогдсон гишүүн Ж.Мөнхбат ар гэрийн шалтгаанаар 2023 оны гуравдугаар сард гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн. Бүрэн эрх нь дуусахад жил гаруйн хугацаа үлдсэн учраас сүүлийн хоёр хүний тойрогт нөхөн сонгууль явуулаагүй. Ингээд МАН 59, АН нэг гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлсэн ч С.Ганбаатар болон бие даан сонгогдсон Н.Алтанхуяг нарыг элсүүлж 12, ХҮН нам нэг, нийт 72 гишүүнтэйгээр энэ парламент бүрэн эрхээ дуусгалаа. Нийт гишүүний бараг тал нь хууль бус хэрэгт холбогдож, цагдаа шүүхээр шалгуулсан, холио солио ихтэй “саарал” парламент болон түүхэнд бичигдэн үлдэж байна, тэд.