Холимог тулааны өсвөр үе, насанд хүрэгчдийн тус бүр гурав дахь удаагийн УАШТ-д 20 байгууллагын 200 гаруй тамирчин өрсөлдсөнөөс өсвөр үеийн ангилалд багийн дүнгээр “Архангай ММА” клубийнхэн түрүүлж, шилдэг тамирчнаар “Десант бамбар”-ын тамирчин Б.Алтансүх, “Кинг панда”-гийн тулаанч А.Мөнгөнзул шалгарсан юм. Насанд хүрэгчдийн ангилалд багийн дүнгээр “Кинг панда”-гийнхан тэргүүн байр эзэлж, “Алтан шонхор” клубийнхнээс А.Адьяа, “One team”-аас Б.Алтанчимэг шилдгээр тодров.
Тус холбоо 2020 онд анх үүсгэн байгуулагдсанаас хойш улсын чанартай тэмцээнийг дотооддоо зохион байгуулах болсон. Үүгээр хичээллэдэг тамирчин, шүүгчдэд спортын зэрэг, цолыг энэ жилээс олгож эхэлжээ. Дээрх тэмцээнд түрүүлсэн өсвөр үеийнхэн Энэтхэгийн Шинэ Дели хотод долоодугаар сард болох Ази тивийн АШТ, наймдугаар сард АНЭУ-ын Абу-Дабид эхлэх өсвөр үеийнхний ДАШТ, ОХУ-д есдүгээр сард Дэлхийн нөхөрлөлийн наадамд оролцох юм. Тэгвэл насанд хүрэгчид Узбекистаны нийслэл Ташкент хотод аравдугаар сард зохион байгуулах ДАШТ, Тайландад арваннэгдүгээр сард Азийн танхимын болон тулааны спортын наадамд улсаа төлөөлж өрсөлдөнө.