Өмнөд Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сок Ёл 5-р сарын 9-ний Баасан гарагт телевизийн сувгуудаар шууд дамжуулж байсан хэвлэлийн бага хурлын үеэр эхнэрийнхээ гаргасан үйлдэлд харамсаж буйгаа илэхрийлжээ.
Тэрбээр "Эхнэрийнхээ ухаалаг бус үйлдлээс болж олон нийтийг түгшээж байгаад уучлалт гуйж байна" гэв.
Ерөнхийлөгчийн эл мэдэгдэл түүний эхнэр Ким Гүн Хитэй холбоотой дуулианы талаар Солонгосын удирдагчийн анхны тодорхой харамсал болов.
2022 онд түүний эхнэр Ким Гүн Хи солонгос гаралтай Америкийн пастораас /сүмийн илтгэгч/ Christian Dior-ын гурван сая вон (2.2 мянган ам.доллар) үнэтэй цүнхийг бэлгэнд авсан талаар дуулиан дэгдсэн юм.
Дараа нь санваартан өөрөө Ким Гүн Хитэй ярилцаж байх үеэрээ нууцаар бичлэг хийн, бэлгэнд өгсөн цүнхийг тодоор харуулсан байна.
Энэ нь томоохон дуулиан дэгдээж, ерөнхийлөгч болон түүний эхнэр төдийгүй Юн Сок Ёолын талын эрх баригч улс төрчдийн нэр хүндэд ихээхэн хохирол учруулсан аж.
Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч энэхүү шуугиан дэгдээсэн хэрэг явдлын талаар ямар нэгэн тайлбар өгөхөөс удаан хугацаагаар татгалзаж, хэрэг явдлын талаар бие даасан мөрдөн байцаалт явуулах шаардлагыг үл тоомсорлосоор иржээ.
Энэ байдал эрх баригч улс төрчдийн ч дургүйг хүргэн, ерөнхийлөгчийг дуулиан шуугиантай холбогдуулан олон нийтэд тайлбар хийхийг шаардаж эхэлсэн байна.
Солонгосын нийт хүн амын 70 орчим хувь нь мөрдөн байцаалт явуулахыг шаарджээ.
Хэдхэн хоногийн өмнө БНСУ-ын эрх баригчид ерөнхийлөгчийн эхэнэр Ким Гүн Хиг брэндийн цүнх хэлбэрээр үнэтэй бэлэг авсан хэргийг Ерөнхий Прокурорын газар албан ёсоор шалгаж эхэлсэн тухай мэдээлсэн.
Хэвлэлийн бага хурлын үеэр Юн Сок Ёол уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа аль хэдийн явагдаж байгаа бөгөөд түүний мэдэгдлийг мөрдөн байцаалтын явцад нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзэж болох тул уучлалт гуйхаас өөр зүйл хэрэг явдлын талаар хэлэхээс татгалзжээ.