УИХ-ын 2024 оны сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлджээ. Эрх мэдлийн төвлөрлийг задалж, олон намын төлөөлөлтэй, ёс зүйтэй, мэргэжлийн парламент бүрдүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх цаг болсон байна. 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй хэн ч сонгогдох эрхээ эдэлж, нэрээ дэвшүүлэх нь нээлттэй. Гэхдээ хуулийг уландаа гишгэдэг, ёс зүйгүй улс төрчдийг ялгаж сонгон, хариуцлага тооцох боломж нь та, бидний гарт бий. Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн бол илүү өндөр ёс зүйтэй, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь хариуцлагатай байхыг шаарддаг ажил. Тэдэнд алдаа гаргах эрх байхгүй. “Өнөөдөр” сонин сонгогчдын санах ой болж, иргэдийн мэдэх эрхийг ханган, зөв сонголт хийхэд нь туслах, мэргэжлийн, ёс зүйтэй парламент бүрдүүлэх зорилгоор “Сонгож болохгүй улс төрч” булан нээгээд байна. Хэнийг, яагаад парламентад сонгож болохгүй вэ гэдэг үндэслэл, шалтгааныг бид цувралаар сануулах болно. Өөрчлөлтийг та л хийж чадна.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр энэ жилийн ээлжит сонгуульд нэрээ дэвшүүлэхийн тулд эртнээс бэлдэж, эрх мэдэл, албан тушаалаа ашиглан тойргоо “услах” болсон. Тэрбээр хувь, хувьсгалын бүх боломжоо ашиглан, их л хичээл зүтгэл гаргаж явна. Тиймдээ ч 2023 оны зун Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяр Архангайд цэргийн анги байгуулж, Булган уулын тахилга нэрээр зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагчид буюу төрийн торгон цэргийг төв талбайд нь алхуулж байв. Үүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн үйлдэл гэхэд болно. Учир нь зэвсэгт хүчний анги салбараас цэргүүдийг ийш тийш томилолтоор авч явах, ажилд гаргах тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн тушаал шийдвэр, зөвшөөрөл хэрэгтэй байдаг юм.
Түүнээс хойш 2023 оны есдүгээр сард Батлан хамгаалахын хууль тогтоомжийг сурталчлах өдөрлөг нэрээр Зэвсэгт хүчин, БХЯ-ны харьяа газар, нэгжүүд болох Цэргийн төв эмнэлэг, ЦДБЭЧ, Цэргийн музей, Цэргийн төв архив, ҮБХИС болон түүний харьяа “Тэмүүжин өрлөг”, Өвөрхангай аймаг дахь зэвсэгт хүчний ангийнхныг Архангайд ажиллуулж, эмчийн үзлэг, музейн үзэсгэлэн, концерт, цэргийн алба хаагчдын үзүүлэх тоглолтоор сонгогчдодоо бэлэг барьсан. Энэ мэтээр тойргоо “услах”-даа төсвийн хөрөнгийг зарцуулж, хууль сурталчлах нэрээр халхавчлан явуулсан юм даг. Архангайнхан дэслэгч генерал Г.Сайханбаярыг сонгуульд нэр дэвшинэ гэсэн яриа гарсан даруйд “Дур эзнээ голохгүй, дун чөмөг сүүжээ голохгүй” гэдэг дээ хэмээн дургүйцэж байв.
Түүнээс хойш сонгуулийн хууль өөрчлөгдөж, томсгосон буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангайг нэгтгэн I тойрог болгосон. Ингэснээр нэр дэвшигчид зэргэлдээх аймгуудын сонгогчдод танигдахын тулд хичээл зүтгэл гаргаж байгаа. Г.Сайханбаяр ч мөн л томсгосон тойрогтоо танигдахын тулд зудыг далимдуулан Архангайгаар тогтохгүй Баянхонгор, Өвөрхангайд Засгийн газрын шийдвэрээр орон нутагт олгохоор болсон туулах чадвар сайтай тээврийн хэрэгслүүдийг өөрийн хөрөнгөөс өгч байгаа юм шиг л гардуулж явав.
Түүнтэй холбоотой таагүй мэдээлэл салбарынхны дунд олон сонсогддог. Гэвч хоёр ч танхимдаа багтаасан Ерөнхий сайд нар түүнийг үл ойшоодог нь харамсалтай. Зэвсэгт хүчний эгэл жирийн офицер, ахлагч нар бүгд л сайдынхаа хувийнхаа эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг занг мэддэг, нүүрэн дээр нь хэлж чадахгүй ч далдуур байнга шүүмжилдэг. Эрхэм сайд зэвсэгт хүчний анги салбарт ажиллаж буй алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх үүднээс барьсан орон сууцуудаас өөртөө болон хамаарал бүхий хүмүүстээ авч, цааш нь борлуулдаг талаар бүгд шахам л ярьдаг.
Эгэл жирийн офицер, ахлагч нар нь орон сууцгүй, айлын байр, хажуу өрөө, хашаа байшин хөлслөн толгой хоргодож суухад мань сайдтан мэдээлэлд ойр эрх мэдлээ ашиглан БХЯ, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн санхүүжилтээр бүтээн байгуулсан орон сууцуудад эзэн сууж буйг БХЯ, ЗХЖШ-ынхан хэлдэг юм. Мөн хамгийн сүүлд зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн хашаанд барьж ашиглалтад оруулсан, цэргийн албанаас чөлөөнд гарсан Ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төв хэмээх найман давхар, шилэн фасадтай барилгын хоёр өрөө нь л бэлтгэл офицер, ахлагч нарт зориулсан. Ганц нэгэнд нь БХЯ-ны харьяа газраа оруулснаас биш, дийлэнхэд нь сайдын садан төрөл найз нөхдийн нэр дээрх зочид буудал, ресторан оруулсан хэмээн салбарынхан нь ярилцах болж.
Түүний хариуцсан салбарт удаа дараа хугацаат цэргийн алба хаагч амиа алдчихаад байхад Батлан хамгаалахын сайд ширэн нүүр гарган, хэлсэн үгэндээ эзэн болж чадсангүй, ямар ч хариуцлага хүлээсэнгүй. Хамгийн сүүлд 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар өнгөрсөн оны аравдугаар сард зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хаахаар ирсэн 21 настай Д хэмээх залуу амиа алдсан. Тэгэхэд “Гаднын ямар нэгэн нөлөөгүй, би бүгдийг мэдэж байна” хэмээн салбарын сайд нь хээвнэг хариулж, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчдээс өмнө дүгнэлт гаргачихсан мэт авирлаж байв.
Түүнчлэн “2022 оноос хойш цэргийн алба хаагч амиа алдсан тохиолдол гарахгүй байгаа. Таслан зогсоосон. Хэдэн жилийн өмнө цэргийн алба хаагч өвчнөөр, ослоор эндэх тохиолдол гарч байсан” гэж хэлсэн удаатай. Гэтэл зөвхөн 2022 онд л гэхэд хэд хэдэн цэргийн алба хаагч цаг бусаар амиа алдсаныг иргэд мартаагүй. Г.Сайханбаяр Батлан хамгаалахын сайдаар ажиллаж буй 2020 оноос хойших хугацаанд уг салбар, тэр дундаа зэвсэгт хүчний анги, байгууллагад цэргийн алба хаагчид амиа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон олон тохиолдол гарч, нийгмийн сүлжээнд иргэд ч шүүмжлэн, албан тушаалаас нь огцруулахыг шаардаж байсан юм. Удирдаж буй салбараа олигтой шинэчилж, сайжруулж чадахгүй, удаа дараа цэргийн алба хаагч амиа алдсан асуудлаас “хуурай” гардаг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт хэн ч хариуцлага тооцсонгүй.
Гэтэл өдгөө мань хүн улам дэвшин, УИХ-ын 126 гишүүний нэг болохоор ихэд чармайж, БХЯ-ны харьяа нэгжүүдэд ажилладаг, Архангай, Өвөрхангай, Баянхонгорын уугуул хүмүүсийн судалгааг гаргуулж, цалинтай чөлөө олгон явуулах санал ч гаргаж буй юм билээ. Сонгогдохын төлөө ийнхүү улайран зүтгэж, эгэл жирийн офицер, ахлагчдаа эрх мэдэлд хүрэх “шат” болгож байгаа сайд таны хүсэлд Архангай, Өвөрхангай, Баянхонгорын сонгогчид дүн тавьчих биз ээ.