ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар АНУ-ын Нью-Йорк хотод мэргэжлийн боксын ес дэх тулаанаа Гвиней улсад төрсөн Канадын иргэншилтэй боксчин Мохамед Сумаоротой өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд хийж, шүүгчдийн саналаар (80:72, 79:73, 80:72) ялсан. Тэрбээр тус тулааны дараа Монголын боксын холбооны ерөнхийлөгч В.Ганзоригт “Парис-2024” олимпын эрхийн тэмцээний сорилд оролцуулах хүсэлт гаргасан билээ. Тус холбооны дэд ерөнхийлөгч Х.Ууганбаяр түүний хүсэлтийг хүлээн авч, оролцуулах шийдвэр гаргаснаа албан ёсоор мэдэгдсэн.
Тэгвэл Э.Цэндбаатар өчигдөр эх орондоо ирлээ. Тэрбээр ирэх амралтын өдрүүдэд зохион байгуулах, олимпын эрхийн сорил тэмцээнд оролцоод энэ сарын 8-нд буцах аж. Учир нь түүний 10 дахь ээлжит тулаан энэ сард болно. Одоогоор шигшээ багийнхнаас эрэгтэйчүүдийн 63.5 кг-ын жинд Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 50 кг-д О.Есүгэн нар Парисыг зорих эрх гардсан. Олимпын наадмын эрх олгох боксын сүүлчийн тэмцээн Тайландын Бангкок хотод ирэх сарын 23-наас зургаадугаар сарын 3 хүртэл үргэлжлэх юм.
Сонирхуулахад, дэлхийн мэргэжлийн боксын boxrec.com сайтаас сонирхогчдын боксын дэлхийн шилдэг 10 тамирчныг энэ сарын 1-нд тодруулжээ. Тус жагсаалтын эхэнд Узбекистаны тамирчин Хасанбой Дусматов эрэмбэлэгдсэн бол Монголын боксчдоос Б.Чинзориг X байрт жагссан байна. Өмнөх жагсаалтад Э.Цэндбаатар дэлхийн чансааны 25, Ази тивд V байрт бичигдэж байв.