УИХ-ын сонгуулийн санал хураалт болж, шинэ парламентад 126 гишүүн сонгох хүртэл 82 хоног үлдээд байна. Улс төрийн намын тухай хуулийн 14.10-т “УИХ-ын сонгуулийн санал хураалт болохоос өмнө 90 хоногийн дотор нам бүртгүүлэх өргөдлийг Дээд шүүх хүлээн авахгүй бөгөөд энэ хуулийн 12.1, 13.1, 14.1-т заасан хугацаанд түдгэлзэнэ” гэжээ. Уг заалтыг улс төр судлаачид “Сонгууль болохоос 90 хоногийн өмнө амжиж улсын бүртгэлд бүртгүүлсэн нам “хүрд эргүүлэх” боломжтой” хэмээн тайлбарлаж байсан юм. Тэгвэл хуулийн уг хугацаа гуравдугаар сарын 30-наар дуусгавар болсон байна. Үүнээс өмнө буюу гуравдугаар сарын 29-нд Либертари намынхан нам байгуулснаа бүртгүүлэх хүсэлтээ дахин Дээд шүүхэд гаргасан аж. Тус намаас өмнө нь хэд хэдэн удаа энэ тухай өргөдөл гаргасан ч хуулийн шаардлага бүрэн хангаагүйн улмаас буцаагдаж байжээ.
Хэдийгээр УИХ-ын сонгуулийн тухай хуульд нам, эвслүүд сонгуульд оролцох, эсэхээ энэ сарын 26-28-ны хооронд илэрхийлэхээр тусгасан ч өнгөрсөн сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө төрийн аудитын байгууллагад хүргүүлчихсэн. Үндэсний аудитын газар (ҮАГ)-аар мөрийн хөтөлбөрөө хянуулаагүй намд сонгуульд өрсөлдөх боломж олдохгүй. Тэгэхээр Либертари намын хувьд Дээд шүүх хүсэлтийг нь хүлээн авсан ч өөрийн нэрээр сонгуульд өрсөлдөж чадахгүй нь. Тэд гагцхүү өөр намыг дэмжиж ажиллах, эсвэл нэгдэж болно гэсэн үг. ҮАГ-т нийт 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн билээ.